Зээлийн хүү бууруулах шаардлага хүргүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭДолоо хоног тутамд УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг "Морин цаг" мэдээллээр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт тус бүлгээс шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар хийв. Гишүүд эдийн засаг хүндэрсэнтэй холбогдуулж 2014 оноос тэтгэврийн, цалингийн, малчны зээлийн хүүг бууруулах санал тавьж байсан ч зах зээлийн харилцааг захиргаадалтын аргаар шийдэж болохгүй гэсэн тайлбар хийсээр өнөөг хүрсэн гэдгийг тодотгов.
Сүүлийн өдрүүдэд инфляци 2,9 хувьд хүрч, ипотекийн зээлийн хүүг 8-аас бууруулж 5 хувь болгох бололцоо байгаа гэдгийг хариуцлагатай хүмүүс хэлж ярьж буй. Иймд тэтгэврийн, цалингийн, малчны, жижиг, дунд үйлдвэрлэлийн бүхий л зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах, өмнө нь олгосон өндөр хүүтэй зээлийн сар бүрийн хүүгийн төлбөрийг буулгаж, зээл төлөх хугацаа сунгах шийдвэрийг ирэх сарын 9-нөөс өмнө гаргахыг шаардаж байгаагаа гишүүд хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Эрх барьж буй нөлөө бүхий хүмүүс тооцоо, судалгаагаа хийгээд зээлийн хүүг бууруулах ёстой гэж үзсэн бол энэ шийдвэр бүх салбарыг хамрах ёстой гэж үзэж байгаа. Ер нь арилжааны банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд буулгах боломжтой юм байна гэж бид үзэж байгаа" гэлээ.
Б.Туул