“Нутгийн” нэртэй бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 16:56:26

Орон нутгийнхаа иргэдийг эрүүл, шинэ хүнсний бүтээгдэхүүнээр хангах, нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Дорнод аймгийн төв Чойбалсан хотын Дорнод хүнс группын Супермаркетад “Дорнодод үйлдвэрлэв” шинэ тасаг нээгдлээ.

Энэ тасагт одоогоор тус аймагт үйлдвэрлэж байгаа цэвэр ус, зөгийн бал, Буйрын загасан бүтээгдэхүүн, төрөл бүрийн нарийн боов, нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоо зэрэг төрөл бүрийн бүтээгдхүүнийг худалдаалж байна.

Харьцангуй хүн ам төвлөрсөн Чойбалсан хотын олон дэлгүүрт тараагдан худалдаалж байсан “нутгийн” нэртэй бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж бүрдсэнд үйлчлүүлэгчид талархалтай байна. Шинэ нээсэн тасгаар нутгийнхан өөрсдөө үйлчлүүлэхээс гадна Дорнодын төвийг дамжин өнгөрч байгаа замын хүмүүс ч саатан үйлчлүүлж, цаашид олон газарт “Дорнодод үйлдвэрлэв” бүтээгдэхүүнийг сурталчлах боломж бүрдлээ.

-“Боро-дой” нэртэй жижиг граммаар ууталж савласан адууны болон ямааны махан хорхогийг эндээс худалдан авсан. Гаднын хүнд бэлэглэхэд сав баглаа боодлоос эхлээд нүүр улайхааргүй амт чанартай, өвөрмөц сайхан бүтээгдэхүүн байна гэж нэгэн үйлчлүүлэгч ярьсан.

Шинэ тасаг нээх санааг эртээс ярьсан ч аймаг, сумын ЗДТГ, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагын санаачлагаар шинэ оны босгон дээр ийн ажил хэрэг болж чадлаа. 

Б.Туяа

相关新闻