20 мянган тонн улаанбуудайг татвараас чөлөөлөхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төсвийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдав.
Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ хуульд ирэх хаврын тариалалтад шаардлагатай 20 мянган тонн үрийн улаанбуудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар тусгасан юм. Ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад нийт 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа аж. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байгаа хэдий ч 20 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар болж, үүнийг импортолж оруулж ирэхийг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргажээ.
Байнгын хорооны гишүүд энэ хуулийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд үүнээс гадна Засгийн газраас мөн нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн "Татварын өршөөл"-ийн хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгах талаарх хуулийн төслийг хэлэлцэв. Чуулганы хуралдаанаар өнөөдөр уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир байнгын хороо яаралтай анхны хэлэлцүүлгийг нь хийлээ.
Н.Туяа