“Дорнодын зохиолчдын уран бүтээлийн дээжис” хэвлэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЭнэ жил Дорнод аймгийн Утга зохиолын нэгдлийн түүхт 80 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан тус нэгдлээс “Дорнодын зохиолчдын уран бүтээлийн дээжис” ном хэвлэгдэн гарлаа.
Уг номд академич Ц.Дамдинсүрэн, Д.Цэвэгмид, С.Дашдэндэв тэргүүтэй ахмад үеийнхэн болон Д.Нямсүрэн, Ж.Нэргүй, Ц.Жамбалгарав, И.Батсүх зэрэг дунд үеийн шилдэг яруу найрагчид, Д.Ган-Очир, Б.Бат-Орших, Т.Содномнамжил, Г.Хүрэлчулуун, Б.Тайван нарын залуу үеийнхэн гээд нийт 70 гаруй зохиолч, яруу найрагчдын бүтээл багтжээ.
Энэхүү номыг арваад жилийн өмнөөс яруу найрагч Ж.Нэргүй, Ц.Жамбалгарав нар санаачилсан бөгөөд Г.Хүрэлчулуун агсан, Д.Батдэлгэр нар эмхэтгэн цахим бичвэрт оруулах ажлыг эхлүүлсэн нь өдгөө ийнхүү уншигчдын гар дээр очиж байна. Номыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ивээн тэтгэж хэвлүүлсэн аж.
“Дорнодын зохиолчдын уран бүтээлийн дээжис” номын нээлт өнгөрсөн бямба гарагт Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв номын санд болж, аймгийн утга зохиолын нэгдлийнхэн оролцжээ.
Б.Туяа