Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-22 12:34:31

Ерөнхий сайдын зөвлөх өнөөдөр Төрийн ордонд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр тус хуралдаанаар 40 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэдгийг тэмдэглээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталсан гэлээ.

Ц.Мөнхтөр, “Аялал жуулчлалын тухай хуулийг 2000 онд баталсан бөгөөд 8 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. Гэвч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль нь аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг зохицуулахад учир дутагдалтай байгаа учраас хуулийг өөрчлөх шаардлага тулгарсан. Аялал жуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган үзэл баримлалыг баталлаа. Хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгасан.

Монгол Улсад жилд дунджаар 400 мянга орчим жуулчин ирж, 50 мянган ажлын байр бий болж, 263 сая ам.долларын орлого оруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг эзэлж байгааг хангалттай тоо гэж үзэхгүй байгаа юм. Аялал жуулчлалын индекс дэлхийн 140 орноос 99-т жагсаж байгаа. Энэ үзүүлэлтийг харахад тус салбарын хууль эрх зүйн салбарыг шинэчлэх шаардлагатай гэдэг харагдаж байгаа юм.

Ийн  хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал батлагдсантай холбоотой ойрын үед аялал жуулчлалын тухай хууль шинэчлэгдэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэнэ” гэлээ.

Б.Туул

相关新闻