Хурдны замын газрыг улсын тусгай хэрэгцээнд авав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-15 14:10:27

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг баталжээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, 2016 онд ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Энэ чиглэлийн авто замын 31.7 км урттай трасс нь Яармагийн товчооноос Түргэний голын гүүр, Бөхөгийн хөтөл, Хөшигийн хөндий гэсэн чиглэлтэй юм.

Авто замын барилгын хязгаарлалтын талбай нь Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутгийг дайран өнгөрөхдөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа зарим нэгж талбайтай давхцаж байгаа ч хурдны зам нь үндэсний бүтээн байгуулалтад хамаарах учраас шаардлагатай газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэжээ. Иймд нийслэлийн болон Төв аймгийн Засаг дарга нар улсын тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг гаргаж болохгүй юм" гэж тэрбээр мэдээллээ.

Б.Туул

 

相关新闻