16 мал амьтан галзуугаар өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 09:57:46

Баянхонгор аймгийн хэмжээнд оны эхний 11 сарын байдлаар зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 132 яаралтай дуудлага иржээ.

Дуудлагын 74 хувь нь галзуу өвчний эрсдэлд өртсөн, 23 хувь нь хачигт халдварын мэдээлэл байсан бол боомын хүний өвчлөл 1, тарваган тахлын хүний өвчний тохиолдол 3 ирсэн байна. Мөн хугацаанд 10 сумын нутагт нохой 4, үхэр 5, үнэг 2, чоно 2, хурга 3 нийт 16 мал, амьтан галзуугаар өвчилсөн болох нь батлагдсан бөгөөд хүний өвчлөл бүртгэгдээгүй байна.

Баянхонгор сум, Өлзийт, Эрдэнэцогт суманд хачигт халдварын сэжигтэй 30 тохиолдол бүртгэгдснээс хачигт риккетсиозын 7, хачигт энцефалитын 2 тохиолдол тус тус тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Мөн боомын хүний өвчлөлийн сэжигтэй 1 дуудлага ирсэн бөгөөд тархвар судлалын холбогдол, эмнэлзүй, лабораторийн шинжилгээний дүнгээр үгүйсгэгдсэн бол Галуут сумын Сүмбэр-Цагаан дэнж, Эрдэнэцогт сумын Доод жаргалантад ямаа, үхэр боомоор өвчилсөн болох нь батлагдсан байна.

Харин оны эхний 11 сарын байдлаар тарваган тахлын байгалийн голомтын идэвх, төлөв байдлыг тогтоох зорилгоор Өлзийт, Жаргалант, Гурванбулаг, Баян-Овоо, Эрдэнэцогт сумын 162.000 га талбайд голомт хяналтын шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүнгээр Өлзийт сумын нутагт тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгаа нь тогтоогджээ. Тарваган тахлын дархлаажуулалтыг байгалийн голомт бүхий 16 суманд 4732 хүн тун, боом өвчний дархлаажуулалтыг Баян-Овоо, Баянхонгор сум, Өлзийт, Эрдэнэцогт сумын эрсдэлт бүлгийн хүн амд 392 хүн тунг хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Б.Мөнхзул

 

相关新闻