Эрдоган: Цэргээ гаргах боломжгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-11 11:07:34

АНКАРА. /Anadolu/. Иракийн хойд нутгаас Турк цэргээ эргүүлэн татахгүй гэж тус улсын Ерөнхийлөгч  Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.

“Мосулд буй Туркийн цэргүүд байлдагчид биш, сургагчид. Курдын Пешмерга хүчний цэргүүдийн цар хүрээнээс сургагчдын тоо хамаарна” гэж Эрдоган хэлсэн байна.

“Одоогоор тэднийг эргүүлэн татах боломжгүй” гэж тэрбээр мэдэгджээ.

Босни-Герцеговины гурван талын Ерөнхийлөгчийн зөвлөлийн Босни, Хорватын төлөөлөгч Бакир Изетбегович болон Драган Чович нартай уулзсаныхаа дараа, хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр мэдэгдлийг хийсэн юм.

Иракийн Мосул хотын ойролцоох Башикад Турк цэргээ оруулсан нь Анкара, Багдадын хооронд дипломат маргаан үүсгэсэн билээ.

Гэвч Иракийн хойд нутагт Турк цэргээ анх удаа оруулаагүй гэж Эрдоган ахин нотлов. Мосул хотын захирагчийн хүсэлтийн дагуу, Иракийн Курдистаны бүсийн Засгийн газрын арми Пешмерга хүчнийг 2014 оноос хойш Турк бэлтгэсэн гэж тэрбээр хэлэв.

Бүс нутгийн асуудлыг хэлэлцэхээр Турк, АНУ, Иракийн Курдистаны бүсийн Засгийн газар 12 дугаар сарын 21-нд уулзалт хийнэ гэж Эрдоган мэдэгдсэн юм.

Х.Аминаа

 

相关新闻