Дундговьд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 орчим хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-09-14 14:36:39
Дундговь /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаралтай хангаж, 100 хувьд хүргэх шаардлагатай байгааг анхааруулж, байгууллагуудын дарга нарт үүрэг өглөө. Есдүгээр сарын 4-ний байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажил Дундговь аймагт 71,5 хувьтай байна. Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байгаа бол төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл 73 хувьтай байгаа ажээ.
Аймгийн засаг даргын 2018 оны 7-р сарын 26-ны өдрийн А/341-р захирамжаар 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг байгуулж, 65 заалт бүхий төлөвлөгөөг батлан бүх сумд болон албан газар, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн ажиллаж байгаа юм байна. 
Аймгийн Засаг даргын аюулгүйн нөөцөд 100 тн өвс,100 тн тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар 72 тн өвс, тэжээл 13,8 тн үлдэгдэлтэй, сумдын Засаг даргын аюулгүйн нөөцөд нийт 600 тн өвс, 450 тн  тэжээл бэлтгэхээс 3 сумын нөөцөд 81 тн өвс, 52,3 тн тэжээл нөөцлөөд байгаа ба  малчид 7310тн  гар тэжээлийг бэлтгэж нөөцөлсөн дүн мэдээтэй байна.
Харин аймгийн төв, 6 сумын халаалтын бэлтгэл ажил 70 хувьтай, Цахилгаан дамжуулах болон цахилгаан түгээх сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна.
Адаацаг сумын сургуулийн нэгдсэн гадна дулааны ажлыг Япон улсын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хөрөнгөөр “Алтан бат өрлөг” ХХК гүйцэтгэж байгаа ба 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.
УЦУОШГ-аас гаргасан мэдээгээр цаг агаар төдийлөн хүндрэхээргүй байгаа ч нийт нутгийн 55 хувь нь бэлчээрийн хомсдолтой байгаа тул аймгийн хэмжээгээр  өвс тэжээлийн нөөцөө сайн хангаж, өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах хэрэгцээтэй байна.
Д.Алтантогос
 

相关新闻