Хоёр аймгийн төвийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн “Сургалт-форум” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-09-13 09:10:20
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Сайнцагаан, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн “Сургалт-форум” өнөөдөр 9 дүгээр сарын 12-ны өдөр Мандалговь хотноо боллоо.
Энэхүү үйл ажиллагаа нь сумын эдийн засгийн чадавхийг сайжруулах, шинэ дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн амжилтыг хөгжүүлэх замаар эдийн засагт жижиг дунд үйлдвэрлэлийн байр суурийг бэхжүүлж, зах зээлд өрсөлдөхүйц чадавхитай болгоход чиглэгдэж байгаа юм.
"Монгол школ" ХХК-нийн захирал, Монголын бизнесийн мэргэшсэн зөвлөх Б.Дамдин “Бизнесийн амжилтыг бүтээх нь” сургалтын хүрээнд бизнес эрхлэгчдэд Монгол Улс дахь бизнесийн түүх, орчин цагийн бизнесийн чиг хандлага, бизнесийн мөн чанар, маркетинг, бизнес модел, бизнесийг амжилтад хүргэх шидэт гурвалжин, амжилтанд хүрэхийн тулд юуг анхаарах вэ? гэсэн сэдвүүдээр энгийн бөгөөд ойлгомжтой, чанартай мэдээллийг өглөө.   
Сургалт-форумд Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтох, Даланзадгад сумын Засаг даргын орлогч Э.Мөнхболор нар илтгэл тавьж, хоёр сумын бүтээн байгуулалт, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын хүрээнд илтгэл тавьж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хэлэлцүүлэг өрнүүлэн, туршлага солилцжээ.
Энэхүү үйл ажиллагаанд хоёр сумын СХС-ийн орон тооны бус зөвлөл, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, Дундговь аймгийн ХАҮТ-ын салбар, ХААН банк, Төрийн банк, Баянцагаан малчны холбооны төлөөлөл нийт 70 хүн оролцож байгаагаас  Сайнцагаан сумын 57, Даланзадгад сумын 13 төлөөлөгч байна. Тэдний 90 хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид байгаа ажээ.
 
Д.Алтантогос
 

相关新闻