Төвийн бүсийн хаврын тариалалтын зөвлөгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-18 20:24:22

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Төвийн бүсийн хаврын тариалалт-Бүсчилсэн хөгжил-2024” бүсийн нэгдсэн зөвлөгөөн Төв аймгийн Зуунмод хотноо өнөөдөр болж байна.


Зөвлөгөөнд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн газар тариалангийн салбарын 500 төлөөлөл оролцож байна.

 

Зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Газар тариалангийн сэргэлтийн бодлогыг бүс, орон нутагтаа оновчтой, зөв зохион байгуулах, газар тариалангийн салбарын тулгамдсан асуудал, ололт амжилтын талаар санал солилцох юм.

 


Зөвлөгөөн дөрвөн салбар хуралдаанаар хуралдаж байна. Тухайлбал, Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Монгол туургатан театрт болж байгаа бол жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Зуунмод сумын ЗДТГ-ын хурлын танхимд болж байна.

 

Төмсний үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар хуралдаан Өв соёлын өргөөнд үргэлжилж байна.

 


Нээлтийн үеэр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар үг хэлэхдээ, "Цаашид бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулан гол нэр төрлийн таримлаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилтыг тавин ажиллаж байна. 

 

Мөн үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай үрээр тариалалт хийх боломжийг бүрдүүлэхийн тулд улаан буудайн үрийг зээлээр олгох, тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэх, хөрсний үржил шимт байдлыг хамгаалахыг бодлогын хүрээнд дэмжих шаардлага тулгарч байна” гэв.

  


Дархан-Уул аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболдоос тус зөвлөгөөнд гарч буй саналуудын талаар тодруулахад, “Өнөөдөр тариаланчдад шинэ технологи, арвин ургац авах гарц, эрүүл эко хүнс гаргаж авах талаар мэргэжилтнүүд зөвлөгөө өгч байна.

 

Цаашид тариаланчид техник хангамжийг нэмэгдүүлэх, усалгаат системийг боловсронгуй болгох, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй, зоорийг нэмэх зэрэг асуудал гарч ирж байна. Мөн урамшууллын дүнг нэмэх, хөнгөлөлттэй зээлийн хугацаа 2 жил байгааг 3 жил болгох саналууд гарч байна. Эдгээр асуудлуудыг нэгтгэсний дараагаар зөвлөмжүүд гарна” гэв. 




Төвийн бүсийн энэ гурван аймаг улсын хэмжээний үр тарианы 68.0, төмсний 77.0, хүнсний ногооны 72.0, тосны ургамлын 74.8, таримал тэмжээийн 63.0 хувийг тус тус үйлдвэрлэдэг тариалангийн гол бүс нутаг юм.





Холбоотой мэдээ