БАЯНХОНГОР: Өрх бүр хашаандаа мод тарихыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-16 11:57:24
Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. "Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Энэ өдөр бүх нийтээр байгаль дэлхийгээ хайрлах үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.

Баянхонгор аймгийн Сум дундын ойн анги, Баянхонгор сумын ЗДТГ-аас Ногоон Баянхонгорын төлөө иргэн бүрийн оролцоо уриан дор "Хог биш мод тарья" уриалгыг дэвшүүллээ. Элсний нүүдэл, цөлжилтийн эсрэг авах хамгийн оновчтой шийдэл болох мод тарих үйлсэд нэгдэх гэдгийг сануулж, энэхүү уриалгыг дэвшүүлж байгаа юм.

Аймгийн төвийн нийт хүн амын 70 шахам хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд өрх бүр хашаандаа мод тарихад агаар тэр хэрээр цэвэрших юм. Баянхонгор аймгийн 10 багийн гэр хороололд амьдарч байгаа 10.089 өрх бүр хашаандаа нэг мод таривал агаарын бохирдол 50 хувиар буурахыг Сум дундын ойн ангиас мэдээлэв. Тэгвэл өрх бүр хашаандаа гурван мод тарьж, арчлан ургуулбал Баянхонгор хот Ногоон хот болохыг мөн онцлов.

Мөн өрх бүр хашаандаа 1кг зүлгийн үр худалдан авч цацаад зүлэгжүүлбэл агаарын тоосжилт 80 хувиар багасах бөгөөд энэ хэрээр амьсгалын замын өвчлөл буурах тооцоолол хийжээ. Энэ хавар нэг бут, нэг кг зүлгийн үр хашаандаа суулгаад, цацсан байхад нэг жилийн дотор үр дүнг нь мэдрэх болно гэдгийг ойн ангийнхан хэлж байгаа юм. Ингэснээр агаар чийглэг, амьдрах амрах тав тухтай орчин бүрдэж, хүсвэл жимсний мод, бут тариад үр жимсийг нь идэж болохыг мөн санууллаа.

Ташрамд дуулгахад, Баянхонгор аймаг нь шилмүүст ойтой 5 сум, заган ойтой 7 сумын ойн сангийн нийт талбай 820681 га буюу аймгийн нутаг дэвсгэрийн 7.06 хувийг эзэлдэг. Нэг сум дундын ойн ангитай бол 12 ойн нөхөрлөл ажиллаж байна. Тус аймгийн ойн сан бүхий газар нутгаас Богд, Баянлиг, Баянговь, Баацагаан, Баян-Өндөр, Жинст, Шинэжинст сумын 787.246 га талбайд заган ой, Баян-Овоо, Өлзийт, Галуут, Жаргалант, Эрдэнэцогт сумын 33.435 га талбайд шинэсэн ой ургаж байна.


Хашаандаа болон гэрийнхээ ойролцоо ямар мод таривал тохиромжтой талаарх мэдээллийг хүргэе.

Улиас:
20 орчим метр өндөр ургадаг мод. Навч найлзуур нь анхилуун үнэртэй давирхайгаар бүрхэгддэг. Элсэрхэг хайргархаг үржил шим муутай хөрсөнд ургаж чаддаг чийгт дуртай. Титэм нь навч томтой учир утаа тоос татах чимээн шуугиан намсгах, ус хөрс хамгаалах нэн их ач холбогдолтой. Намгархаг газар тарихад илүү тохиромжтой.

Хайлаас:
Манай нөхцөлд хамгийн тэсвэртэй түргэн ургадаг мод нь хайлаас улиас юм. Хайлаас өнгө үзэмж сайтай сайн энерги өгдөг мод.

Гацуур:
20 м гаруй өндөр ургадаг. Мөнх ногоон мод. Хөнгөн элсэрхэг хөрсөнд дуртай.

Сахалт хус:
20-30 м хүртэл өндөр ургадаг. Энэ хус нь манайд ургадаг хуснаас ялгаатай нь мөчир нь доошоо унжиж ургадаг.

Монос:
Цагаан баг цэцэгтэй бөгөөд цэцэглэх үедээ сайхан үнэртэй мойл жимсний мод юм.

Шинэс:
25 м гаруй өндөр ургадаг шилмүүстэй мод. Хөрс голдоггүй, гэрэлд дуртай.

Агч мод:
3-7 м өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. Хүйтэнд тэсвэртэй. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.

Шар хуайс:
6 м хүртэл өндөр ургадаг модорхуу сөөглөг ургамал. Шар цэцэгтэй. Өргөстэй сөөг. Буурцагт ургамал учир хөрсийг азотоор баяжуулдаг. Хэлбэржүүлэлт сайн даана. Ган тэсвэртэй сүүдэрт дуртай. Амьд хашаа хийхэд тохиромжтой

Голт бор:
Нил ягаан цэцэгтэй цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Том навчтай 4-5 м өндөр ургадаг. Чимэглэлд тохиромжтой том сөөг мод.

Бургас:
Хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн газар болон ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас цөлөрхөг газрыг ногооруулах хэлбэржүүлэлт хийж гоёл чимэглэлийн болон амьд хайс хашлага салхины нөмөр болгох зорилгоор зурваслан тарина.

Үхрийн нүд:

Энэхүү бут нь өөрөө өөртөө тоос хүртээдэг учраас ганц ширхэг бут байсан ч үр жимсээ өгч байдаг. Сүүдэвтэр газар ус чийг ихтэй нөхцөл шаарддаг тул хашааны ёроол модны доогуур эсвэл байшингийн араар таривал илүү зохимжтой.
Холбоотой мэдээ