ХОВД: Боловсрол, сэтгэл судлалын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-16 10:38:44

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. "Боловсрол, сэтгэл судлалын орчин үеийн асуудлууд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 15-нд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Хуралд Ховд аймгийн төрийн байгууллагын удирдлагууд болон гадаад, дотоодын 10 гаруй их, дээд сургууль, судалгааны байгууллагын төлөөлөл, ОХУ, БНСУ, ХБНГУ-ын судлаач, багш, оюутнууд оролцсон юм.


Тус хурлын зорилго нь улс, бүс, орон нутгийн боловсрол, сэтгэл судлалын тулгамдсан асуудлыг тодорхойлох, гарц шийдлийг эрэлхийлэхэд чиглэв.   


Энэ үеэр боловсрол, сэтгэл судлалын асуудлууд, сургалтын арга зүй, хүүхдийн хөгжлийн үнэлгээ, жендэр, тэгш оролцоо, өв соёл зэрэг өргөн хүрээг хамарсан 50 гаруй илтгэл хэлэлцлээ.

Улмаар боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, насан туршийн суралцахуйг дэмжих, уян хатан хөтөлбөрүүдийг бий болгох, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг үнэлэх-оношлох сэтгэцийн эмч, клиник сэтгэл судлаачдыг бэлтгэх, боловсролын үнэлгээг хөгжүүлэх замаар суралцагсдын мэдлэгээс гадна чадвар, ялангуяа амьдрах ухааны чадвар, зөөлөн ур чадварыг үнэлэх тогтолцоог бий болгох зэрэг олон төрлийн санал, зөвлөмж гаргаж, дээд шатны холбогдох байгууллагуудад уламжлахаар болжээ.

Хурлын үр дүнд гадаад, дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг тогтмолжуулах, боловсрол, сэтгэл судлалын чиглэлээр судалгааны цар хүрээг тэлэх, багш, судлаачид туршлага солилцох боломж өргөжих юм.  

Тус хурлыг МУИС-ийн Баруун бүсийн сургууль, МУБИС зэрэг байгууллага хамтран Ховд аймагт анх удаа зохион байгуулснаараа онцлогтой.  


Холбоотой мэдээ