БАЯНХОНГОР: Уралдаанаас санхүүжилт авч чадсан сурагчид төслөө хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-16 10:40:24

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн лаборатори Номундалай цогцолбор сургуулийн Эко клубийн сурагчид сургуулийнхаа 1, 2, 3 дугаар давхарт ангилдаг хогийн сав, чийгийн улаан хорхой үржүүлэх сав зэргийг хийж байршуулжээ.


Тус клубийн сурагчид өнгөрсөн онд Монгол экологийн төвөөс зохион байгуулсан "Teen шийдэл" төслийн уралдаанд шилдгээр шалгарсан бөгөөд төслийн эхний санхүүжилтээрээ дээрх ажлыг хийсэн байна. Ийнхүү сурагчид сургуулийн орчин дахь хүнсний хог хаягдлыг чийгийн улаан хорхой ашиглан бордоо гарган авах төслөө хэрэгжүүлж эхэлж байгаа юм.


Youth Sustainability Corps - Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийн хүрээнд 15-18 насны ахлах ангийн сурагчдын дунд хоёр дахь удаагаа болсон тус уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс өсвөрийн манлайлагч 650 гаруй сурагчаас нийт 185 шийдэл илгээжээ. Тус багийнхан "Сургуулийн орчин дахь хүнсний хог хаягдлыг чийгийн улаан ашиглан дахин боловсруулж бордоо үйлдвэрлэх нь" төслөөрөө 21 аймаг есөн дүүргийн сурагчдаас шалгарч, санхүүжилт авч чадсан аж. 


Тус уралдаан нь амьдарч буй орон нутаг, өсвөр үе залууст тулгарч буй асуудлыг шийдэх шийдлийг сурагчид боловсруулж, санаагаа илэрхийлэх, санаачилгаа ажил хэрэг болгохыг дэмжих зорилготой юм байна. Бичил төслийн уралдаанд  шалгарч байгальд ээлтэй шийдлээ хэрэгжүүлэх санхүүжилтээ авч чадсан Баянхонгор аймгийн сурагчдын тухайд уралдаанд оролцогчдын хамгийн залуу баг нь.


 



Холбоотой мэдээ