БАЯНХОНГОР: Сорил шалгалтын гүйцэтгэлийн дундаж 68.55 хувьтай гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-15 15:55:08

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Энэ онд 12 дугаар анги төгсөж буй нийт сурагчийн монгол хэл бичгийн мэдлэг чадварыг үнэлэх, улсын шалгалтын бэлтгэл хангах үүднээс урьдчилсан шалгалтыг гуравдугаар сарын 28-ны өдөр аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Тус сорил шалгалтын дүнг өнөөдөр нэгтгэн гаргаж, сурагчдад танилцуулав.


Шалгалтад 12 жилийн сургалттай 17 сургуулийн 34 анги бүлгийн 692 сурагчаас 646 нь оролцож, гүйцэтгэлийн дундаж 68.55 хувьтай үнэлэгдсэн байна.


Их, дээд сургуульд элсэн суралцах оюутнууд, төгсөх ангийн сурагчид "Монгол хэл бичгийн шалгалт"-д заавал хамрагдсан байхыг шаарддаг болсон. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах зорилготой үйл ажиллагаа юм.

 

Энэ онд аймгийн хэмжээнд 700 гаруй сурагч ЕБС-ийг төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Сурагчид монгол хэл, математик, физик, хими, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал гэсэн 10 хичээлийн шалгалт өгөх бөгөөд давхардсан тоогоор 2000 шахам шалгуулагч өрсөлдөх юм байна.


Сонирхуулахад, Өнгөрсөн онд Боловсрол сургалтын байгууллагын гүйцэтгэлийн ерөнхий дүнгээр Баянхонгор аймаг нэгдүгээрт, Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний ерөнхий дүнгээр гуравдугаарт, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 10 дугаарт тус тус эрэмбэлэгджээ.

Холбоотой мэдээ