Р.ДОРЖЗОВД: Хүүхдээ амжилттай сургахыг хүсвэл эхлээд суулгаж сургах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-15 15:39:17
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/ Математикийн Зовд багш гэхээр боловсролын салбарт түүнийг тун сайн танина. Тэрбээр гурван удаа улсын олимпиадад шагналт байрт шалгарч, түүний шавь нар Монголын математикийн олимпиадаас 12 медалийг орон нутагтаа авчирч чаджээ. Улсын математикийн олимпиад гэдэг бол математикчдын чанарын эрэмбийг тогтоож, хэн юу чадах вэ гэдэгт дүн тавьдаг их сорилго байдаг.  Тэр өөрийн байр суурийг нэгэнт бататгаж чаджээ. Д.Самданпэрэнлэй багшийн нэрэмжит уран бодолтын шагналт, “Эрдмийн сан” сургуулийн математикийн багш Р.Доржзовдтой ярилцлаа.


-Та багшаар ажиллаад хэр удаж байна?

-Би математикийн багшаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Эхний найман жилд нь өөрийн төгссөн сургууль болох Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуульд, сүүлийн таван жилд Орхон аймагт шилжиж ирээд, “Эрдмийн сан” сургуульд  багшилж байна.


-Саяхан болсон улсын математикийн олимпиадад шавь нартайгаа хамт маш амжилттай оролцож, шагналын хур буулгаад ирсэн гэж сонссон. Ямар амжилт үзүүлсэн бэ?

-Монголын сурагчдын дунд болдог хамгийн том уралдаан Монголын математикийн олимпиад гэж болдог. Энэ жилийн 60 дахь удаагийн Монголын математикийн олимпиадад Орхон аймгаас оролцоод багш нарын ангилалд мөнгөн медаль, ахлах болон дунд ангийнхны төрөлд манай дөрвөн сурагч хүрэл медаль хүртсэн. Өмнөх жилүүдийнхээ амжилтыг бататгаж энэ жил анх удаа ийм олон медальтай, ганзага дүүрэн ирлээ.


-Таныг Хөвсгөлд багшилж байхдаа олимпиадад өөрөө оролцдог, хүүхдүүдээ ч сайн бэлддэг гэж сонссон.

-Би өөрөө сурагч байхаасаа олимпиадад тууштай бэлдэж, оролцсоор ирсэн. Аймгийн, бүсийн олимпиадад түрүүлж байсан ч улсын олимпиадаас медаль хүртэж чадаагүй. Би өөр мэргэжлээр их сургууль төгссөн. МУИС-ийн эдийн засгийн ангийг төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж байсан ч эвийг нь сайн олохгүй, миний хэв маягт таарахгүй байсан болохоор математикаараа л явъя гэж шийдээд багш болсон. Сурагч байхдаа гүйцээж чадаагүй мөрөөдөл улсын олимпиадын шагналт байр байсан, тэр хор шар дотор бодогдоод л явдаг байсан байх. Багш болоод өөрөө ч, шавь нар маань ч энэ мөрөөдлийг маань биелүүлсэн дээ.



-Эрдэнэтэд ирсэн шалтгаан нь юу байна вэ?

-Амьдрал хөөж ирсэн гэх юм уу. Төрийн албан хаагчид, тэр дундаа багш нарын цалин улсын дундаж түвшнээс доогуур. Нэгдүгээрт цалин дээшилсэн, хоёрдугаарт Эрдэнэт дэд бүтцийн хөгжил сайн, хоттой харьцуулахад дуу чимээ багатай, амьдрахад таатай газар гэж бодсон учраас энд ирэх сонголтыг хийсэн. Ирсэн эхний хоёр жил ковидын үе таарсан учраас таних хүн байхгүй, дасаж өгөхгүй эвгүй л байсан. Одоо ч  дасаад Эрдэнэтийн хүн болж байна.  


-Эдийн засагч хүн багш болсон гэхээр математикт их л дуртай байж. Таныг математикт дуртай болгосон, энэ салбарт хөтөлсөн хүн бий юу? Эсвэл  таны сонирхол байсан уу?

-Багшийн ажлын тухай ойлголт багш болсны дараа их өөрчлөгдсөн. Намайг багш болоход хамгийн их нөлөөлсөн хүмүүс манай багш нар. Бас манай хамаатны ах бий. Нэлээд алдартай, математикийн төрөлдөө Монголын хамгийн өндөр амжилт тогтоосон, улсын таван удаагийн аварга, сайн багш хүн бий. Тэр хүний амьдралыг хараад багшаар явбал бас сайхан амьдарч болох юм байна гэсэн төсөөлөл авсан. Мөн манай математикийн багш чи багш болж чадна гэсэн итгэлийг  өгсөн.


-Ихэнх төгсөгчид орон нутагтаа буцаж очих биш, хөгжил дагаж, хот газар үлдэх сонирхол их байдаг. Орон нутаг руугаа буцах болсон шалтгаан юу байв?

-Би Мөрөнгийн төвд өссөн ч гэсэн хүүхэд байхдаа зуны амралтаараа хөдөө л байж байдаг байсан. Хөдөөгийн нам гүм байдалд дуртай. Хот газар стрессдүүлэх зүйлс ихтэй, тэнд очвол амьдарч чадахгүй юм шиг санагддаг. Ажлаар хотод хэдхэн хоноход л түгжрэлээс эхлээд бухимдал төрүүлэх зүйл их, хурдан харихын хүслэн болоод л буцдаг.


-Хүүхдүүдтэй ажиллах хэр байна?

-Багшлах болсон шалтгааны нэг бол хүүхдүүд өөрчлөгдөх боломжтой байдаг. Том хүмүүстэй ажиллах хэцүү. Тэд аль хэдийнэ төлөвөө олчихсон, ихэнх тохиолдолд өөрчлөгдөх магадлал багатай. Мод гэж үзвэл хатуужаад биежчихсэн, өөр тийш  нь ургуулах боломжгүй гэсэн үг. Хүүхдийг бол өөрчлөх, зөв зүг рүү нь залах боломжтой хүүхэд байхад нь л ажиллах боломжтой. Хүүхдүүдтэй ажиллах том хүнтэй ажиллахаас илүү хялбар байдаг.


-Таны сургалтын арга барилаас сонирхож болох уу? Яаж тэр хүүхдүүдийг улсдаа “толгой цохих” хэмжээний болгож бэлтгээд байна?

-Амжилт үзүүлж байгаа хүүхдүүд нийт хүүхдийн маш цөөхөн хэсэг нь байдаг. Энэ дундаас эцэг эхээс заяасан өгөгдөл сайтай хүүхдүүд, үнэхээр сурах хүсэлтэй хүүхдүүд гэж бий. Тэдэнд юуны төлөө үүнийг хийж байгаа вэ гэдэг зорилгыг нь ойлгуулаад өгчихдөг. Тэр хүүхдүүд өглөө хичээлдээ, өдөр олимпиадын бэлтгэлдээ суудаг. Маш их сууж байгаа л гэсэн үг. Зорилгынхоо төлөө анхаарлаа төвлөрүүлж, сууж сурсан хүүхдүүд л байдаг гэсэн үг. Түүнээс биш ганцхан би л мэддэг, би очоод шивнэчихээр онц сураад, бусдаас цойлоод байгаа юм байхгүй.


-Сууж сурсан хүүхэд л амжилт үзүүлдэг гэж та хэллээ. Үнэхээр суръя гэвэл тогтвортой суухаас л эхэлнэ.  

-Би өөрийгөө хүүхдүүдэд ганцхан математик заадаг гэж боддоггүй. Улсын, олон улсын олимпиадад бэлтгэж байгаа хүүхдүүд зорилго тавиад түүнийхээ төлөө дөрөв, таван жил тасралтгүй сууж, хичээллэсний үр дүнд амжилт гаргаж байгаа. Хүүхдийн онцлог нь аливаа юмнаас уйдахдаа хурдан, амархан шантардаг учраас аль болох зорилгыг нь тодорхой болгож өгөөд суулгаж сургадаг. Өсвөр насанд нь хүнд суусан юм гэдэг чинь насан туршид нь дагалдаж явна. Тэгэхээр тэр хүүхэд нэг юмны төлөө тууштай таван жил суугаад сурчихсан байхад дараа нь оюутан болоод, амьдрал дээр гараад ямар ч салбар луу ороод хөрвөөд явсан нэг юмны төлөө тууштай яваад урт хугацааны төлөвлөгөөний ард гарах, бодлого хэрэгжүүлж чадах тийм хүн болж төлөвшинө. Надаас, энэ сургуулиас олж авч байгаа хамгийн гол чухал зүйл нь цэгцтэй сэтгэж сурахаас гадна сууж сурч байгаа, тууштай байж сурах юм.  


-Та улсын сургуульд багшилж байгаад одоо хувийн сургуулийн багшаар ажиллаж байна. Энэ хоёрын дунд боловсролын чанарын ялгаа байна уу? Эцэг эхчүүд сайн боловсролыг л хүүхдүүддээ эзэмшүүлэх гээд илүү хөдөлмөрлөж, сонголтоо хийж байгаа шүү дээ...

-Хувийн сургуульд төлбөрийн чадвартай гэр бүлийн хүүхдүүд суралцдаг бол, улсын сургууль алаг цоог. Хүүхдийн боловсролын ялгаа гэхээс илүү хүмүүжлийн ялгаа илүү ажиглагдаж байна. Эцэг эхийн санхүүгийн чадвар сайжрах тусам нэг талдаа хүүхдээ хэтэрхий бөөцийлж эцэг эхээс хараат бусаар юу ч хийх чадамжгүй болгож өсгөж байна. Ийм хүүхдүүд мэдээж хувийн сургуульд их. Эсрэгээрээ санхүүгийн чадвар буурах тусам “орхигдсон”, боловсролын хоцрогдолтой хүүхдүүд ихэсдэг юм шиг санагддаг.


-Эцэг эхчүүд хүүхдээ сургалтын хоцрогдолтой гэдгийг мэдээд ирэхээрээ сайн сургууль, сайн багш хайж эхэлдэг. Байгаа нөөц боломжоо шавхаад төлбөртэй сургуульд л өгчихвөл сайжирчих юм шиг хандлага их ажиглагддаг. Гэтэл суугаад сурчихсан, сурах арга барилаа олчихсон хүүхэд хаана ч сурсан цойлоод гараад ирэх боломжтой бол эсрэгээрээ суурь муутай хүүхэд орчин солигдоод сайжирна гэж би хувьдаа бодохгүй байна. Танд хүүхдээ өгөөд “сайжруулъя” гэсэн хандлагаар хандаж байгаа  эцэг, эх хэр олон бйна? Та хүлээж авдаг уу?

-Орчин хангамж сайн байх нь нэг талаасаа давуу тал мөн үү гэвэл мөн. Гэхдээ бүх зүйл биш. Зарим эцэг эхчүүдийн хандлага байна л даа. Манай хүүхэд хоцрогдолтой, танд л өгчих юм бол гоё болчих гээд байна гэдэг ч юм уу... Тиймэрхүү хандлагууд их ажиглагдаад байдаг. Би тийм ид шидтэй хүн биш. Олимпиадын ахисан шатны түвшний хүүхдүүдтэй ажиллахад ганц нэг илүү зүйл хэлээд өгчихдөг. Яг суурь шатны, ЭЕШ тал дээр надаас сайн багш нар Эрдэнэтэд олон байгаа. Тэгэхээр сайн багшийг биш, хүүхдийнхээ онцлогт тааруулан зөв чиглүүлж чадах багшийг л хайж олох хэрэгтэй гэж зөвлөх байна. Гэхдээ сайн багшаас илүү хүүхдийн хандлага чухал. Мянган сайн багш байгаад, их төлбөр төлөөд хүүхэд өөрөө сурах хүсэлгүй бол  сайн үр дүнд хүрэх нь юу л бол.


-Монгол Улсын боловсролын  салбарын хөгжлийг та ямар шатанд яваа гэж хардаг вэ? Сүүлийн жилүүдэд гадаадад тэтгэлэгтэй суралцагчид, дэлхийн топ сургуулиудад урилгаар элсэн суралцаж байгаа хүүхдүүд, гаргаж байгаа амжилтуудын талаарх мэдээ нэмэгдэж байгаа нь хөгжиж байгаагийн илрэл болов уу гэж харж байна.

-Би таны эсрэг байр суурьтай байна. Монгол Улсын боловсролын салбар харин ч уналттай байгаа. Амжилт үзүүлж байгаа нь маш цөөхөн хувь нь.


Манай улсын математикийн ЭЕШ-ын дундаж оноо нь 23 хувь. 23 хувь гэдэг нь юу вэ гэхээр эхний 72 онооны хэсгийг А, В, С, D сонголтоор бүгдийг нь A юм уу В гэх мэтээр тааж “буудахад” ойролцоогоор 14-15 оноо авах боломжтой. Тааж буудсан хүн 14 авна, улсын дундаж 23 байна гэхээр зөрүү 9 хувь байгаа. Тэгэхээр манай боловролын салбарт, бид нарын математик заасны ахиц нь 9 хувь байна л гэсэн үг.


Хэрвээ улсын математикийн дундаж нь ядаж 40 хувь хүрчихвэл хүмүүсийн боловсрол, хичээл чармайлт арай өөр түвшинд оччихсон, улсын хөгжил арай өөр болно гэж боддог. Тэгэхээр улс бодлогоо сайжруулах ёстой, улс багш нараа бэлдэх ёстой. Багш нар сайжирч байж л боловсролын хөгжил сайжирна. 


-Та гэхдээ цаашдаа багшаараа ажиллана биз дээ? ЭЕШ-ын дундаж оноог 40 хувьд хүргэхэд сайн багшийн оролцоо, оруулах хувь нэмэр бас чухал байх.

-Ирээдүйг хэлж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ энэ замаасаа хазайх хүсэл одоогоор үгүй. Би анги даасан багш, 7 дугаар ангийн хүүхдүүдтэй. Манай анги 2029 онд төгсөнө. Тэр болтол багшлах нь тодорхой. Одоогоор больё, бүтэхгүй юм байна, өөр юм хийе гэсэн бодол байхгүй л байна.


-Улсын хөгжил, боловсролын салбар, багшийн үнэлгээнд та сэтгэл дундуур явдаг санагдлаа. Та улсынхаа ирээдүйг яаж хардаг вэ?  Мэдээж үр хүүхэдтэй хүн, энэ улсаас явъя, илүү сайн хангамж, хөгжилд очиж амьдаръя гэсэн бодол байдаг уу?

-Ерөөсөө эх орноосоо явъя, гадагшаа гаръя гэж боддоггүй. Мэдээж сайн, муу олон зүйл байгаа. Нийт системээрээ хасах руу явж байгаа. Муу зүйлүүд нь давамгайлаад эцсийн хариу нь хасах тэмдэгтэй гарсан ч гэсэн энэ нэмэгдэхүүн дунд нэмэх тэмдэгтэй нэгэн нь байж, өөртөө үнэнч үлдэхийг хүсэж байна.


-Танд хэлэхийг хүссэн өөр зүйл бий юу?

-Бид хөгжил яръя гэвэл боловсролоос эхлэх хэрэгтэй. Бүхэл бүтэн нэг үеийг маш сайн бэлдэж байж дараагийн үе илүү сайжирна. Би түрүүн хэлсэн шүү дээ. Том хүнийг өөрчлөх боломжгүй гэж. Улсын хөгжлийг авч яваа энэ үеийнхэн гэнэтхэн Монголоо гоё болгоё гээд өөрчлөгдөхгүй учраас өөрчилж чадах дараа үеэ бид өөрсдийгөө золиослоод ч хамаагүй бэлтгэх ёстой. Шинэ үе бэлтгэгдэж байж л бид хөгжлийн шинэ эхлэлийг тавьж чадна гэдэгт итгэлтэй байна.


Холбоотой мэдээ