БАЯНХОНГОР: Гэр бүлийн хөгжил, хамгааллыг сайжруулахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-15 13:03:37

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд, сумдын хуулиар үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид, иргэд, олон нийтэд хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, гэр бүлийн хөгжил, хамгааллыг сайжруулах чиглэлээр зохион байгуулах үйл ажиллагааны талаар танилцуулга хийж байна.


“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” нэгдсэн үйл ажиллагааг Бөмбөгөр, Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Баянговь суманд зохион байгуулсан бөгөөд зургаан сумын 700 гаруй иргэн, 800 гаруй хүүхдийг хамруулжээ. Мөн үеэр өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, хамтарсан багийн сайн туршлагыг хуваалцах үйл ажиллагааг өрнүүлж байгаа юм.


Баянхонгор аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 2022 онд 198, 2023 онд 155 бүртгэгдэж 43 нэгж буюу 21.7 хувиар буурчээ. Гэр бүл цуцлалт 2022 онд 68 байсан бол 2023 онд 41 болж г39.7 хувиар буурсан, гэр бүлийн салалт 2022 онд 53 байсан бол 2023 онд 47 бүртгэгдсэн байна.


Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2022 онд 39, 2023 онд 27 гарч 11.3 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн илрүүлэлт 11.3 хувиар нэмэгджээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 2023 онд 141 бүртгэгдэж, өмнөх оноос 11 нэгжээр буурсан дүн гарсан байна.

Ташрамд, Нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлд зориулсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх Гэрлэх ёслолын ордон Баянхонгор хотноо 2023 оны 7 дугаар сард үүдээ нээсэн. Тус ордон гэр бүл батлах ёслолоос гадна гэр бүлийн үнэ цэнийн чиглэлээр сургалт сурталчилгааны ажлуудыг хийх Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийг мөн ажиллуулж байна.





Холбоотой мэдээ