Улсын заан Д.Анар 2024 оны анхны түрүүгээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-15 10:45:11

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин П.Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо.


Тус барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв. Р.Пүрэвдагва арслангийн хувьд гуравдугаар сараас хойш нэг ч барилдаан алгасаагүй бөгөөд 17 барилдаанд зодоглохдоо гурав үзүүрлэж, хоёр шөвгөрч байна.


Тэгвэл их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Наймд улсын харцага Л.Лха-Очир, Х.Гантулга, аймгийн арслан Г.Хишигбат, У.Батцоож нар үлдэв.


Тус барилдааны улсын цолонд ойрхон бөхийн шагналыг Архангай аймгийн Чулуут сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдоржид олгосон юм. 

Холбоотой мэдээ