Улсын хэмжээнд 10 мянга гаруй өвлөн уламжлагч биет бус өвийг түгээн дэлгэрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-15 09:22:32

Улаанбаатар, 2024 оны  дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилт, соёлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2024” аяныг зохион байгуулж байна.


2023 онд улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн Соёлын сэргэлт аян энэ жил 1400 гаруй өвлөн уламжлагчтай нийслэл Улаанбаатар хотоос эхэллээ. Энэ удаагийн Соёлын сэргэлт аяныг Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөнөөр эхэлж, соёлын биет бус өвийн 7 ай савд багтах өвлөн уламжлагчид оролцов.


Соёлын сайд Ч.Номин соёлын өвийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх бодлогоо танилцуулснаар зөвлөгөөнийг эхлүүллээ.


Тэрбээр "Соёлын биет бус өв бол хүний оюун санаагаар дамжиж уламжлагддаг эмзэг бөгөөд үнэт зүйл. Иймээс энэхүү нандин өвийг хамгаалах нэгдмэл зорилго, нийтлэг үнэт зүйлтэй хүмүүсийн харилцаа холбооны үндэсний сүлжээг бэхжүүлж, тэдний оролцоотой тогтвортой байдлыг хангах явдал чухал байдаг. Ялангуяа өвийн үнэт хэв шинжийг олон түмэнд ойлгуулж, үнэ цэнтэй болохыг тайлбарлаж мэдүүлэх нь иргэдэд соёлын биет бус өвд хүндэтгэлтэй хандах үзэл санааг төлөвшүүлж, улмаар өвлөн уламжлах сонирхлыг бий болгодог. Энэ бол соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хадгалж үлдээх томоохон хөшүүрэг юм" гэв.


Соёлын биет бус өвд Эх хэл, бичиг, түүний хүрээний соёл, Аман зохиол, Ардын уртын болон богино дуу, туул, тэдгээрийг дуулах, хайлах арга барил, Уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц авьяастны ур чадварын арга барил, 

Хөөмэй тэргүүтэй өвүүд багтдаг. Эдгээр биет бус өвийг улсын хэмжээнд 10924 өвлөн уламжлагч түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлж байгаа аж.



Өнөөдрийн зөвлөгөөнөөр Соёлын өвийн Үндэсний төвийн захирал Г.Энхбат, Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн нар соёлын биет болон биет бус өв, соёлын өвийн нөөц даац, соёлын орон зайд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлж, санал солилцов.

Холбоотой мэдээ