Монголын чөлөөт бөхийн тамирчид Азийн аваргаас 10 медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-15 10:09:13

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Чөлөөт болон сонгомол бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотод үргэлжилж байна.


Тус тэмцээний чөлөөт бөхийн төрөл өчигдөр өндөрлөсөн бөгөөд манай баг тамирчид 10 медальтайгаар энэ удаагийн тивийн аваргыг дуусгалаа. Эрэгтэйчүүд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа тавдугаар байр эзэлсэн. Тодруулбал, Э.Бямбадорж, Т.Тулга нар мөнгө, Э.Энхболд, Д.Батзула нар хүрэл медалиар энгэрээ мялаав. Медаль зүүсэн дөрвөн тамирчны гурав нь тивийн аваргаас анхны медалиа авсан юм.


Тэгвэл эмэгтэйчүүдээс найман тамирчин медалийн төлөө барилдаж зургаан нь шагналын тавцанд зогсов. Т.Энхжин, Б.Анударь нар финалд барилдаж, мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм. Ч.Отгонтуяа, С.Цэрэнчимэд, З.Болортунгалаг, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүд багийн дүнгээр Япон, Хятадын араас жагсан гуравдугаар байр эзэлж, хүрэл цомын эзэн боллоо.


Азийн аваргад оролцсон тамирчдын түрүүч энэ сарын 17-нд эх орондоо ирэх бол зарим нь Бишкект үлдэж олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлийг хангалцах аж. Олимпын эрхийн тэмцээн энэ сарын 19-нд Бишкек хотод эхлэх бөгөөд манай тамирчдын эхний хэсэг өнөөдөр эх орноосоо мордоно. Монголоос эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээнд зодоглох юм.


Өнөөдрөөс сонгомол бөхийн барилдаан эхэлнэ. Монголчууд анх удаа сонгомол бөхийн шигшээ багийг байгуулж, олимпын зургаан жинд тамирчдаа сойж байгаа юм. 









Холбоотой мэдээ