Нутгийн зүүн хагаст салхи зарим үед 24 м/сек хүрч шуурах төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-13 10:07:14

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын мэдээллээр, өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Салхи, шуургатай үед ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд маш хурдан тархах, шаталтын талбай ихсэж улмаар унтраахад хүндрэл учруулан, хүн, мал, ан амьтан, эд хөрөнгө, байгаль экологид хохирол их учруулдаг.

Иймд:

-Ой,хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,

-Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

-Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй,

-Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй,

-Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,

-Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. 


Улсын хэмжээнд энэ сарын 12-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 16 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Эдгээр түймрийн 21 нь  сүүлийн 10 хоногт буюу энэ сарын 3-11-нд гарсан аж. 



Холбоотой мэдээ