ОУВС-гийн тэргүүнээр К.Георгиеваг улираан томиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-04-13 12:58:35

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /AFP/. Олон улсын валютын сангийн /ОУВС/ Удирдах зөвлөл баасан гарагт Кристалина Георгиеваг тус байгууллагын тэргүүний албан тушаалд улираан томилжээ. 


Ингэснээр уг албан тушаалд өрсөлдсөн цорын ганц нэр дэвшигч байсан К.Георгиева албан тушаалаа дахин таван жилийн хугацаанд үргэлжлүүлэн хашихаар боллоо. Түүний бүрэн эрхийн эхний хугацаа 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан юм. 


Энэхүү шийдвэрийг зөвшилцлийн үндсэн дээр гаргасан гэж ОУВС-гийн мэдэгдэлд дурджээ. К.Георгиева мэдэгдэхдээ, манай 190 гишүүнийг төлөөлсөн Удирдах зөвлөлийн итгэл, дэмжлэгт гүнээ талархаж байна, ОУВС-гийн тэргүүний албыг үргэлжлүүлэн гүйцэтгэх нь нэр төрийн хэрэг юм гэв. 


Болгарын иргэн, 70 настай К.Георгиева 2019 оноос хойш ОУВС-г удирдаж байгаа бөгөөд өнгөрсөн сард "Франс Пресс" агентлагт өгсөн ярилцлагадаа "хэрэв надаас албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг хүсвэл хүлээн авах болно" хэмээн ярьж байлаа. 


Түүнийг ажиллаж байх хугацаанд ОУВС нь коронавируст цар тахлын үед санхүүгийн хүндрэлтэй тулгарсан улс орнуудад тусалж байв. Европ, АНУ-ын хоорондын олон арван жилийн түүхтэй маргаан дагуулсан гэрээний дагуу ОУВС-г европ хүн, Дэлхийн банкийг Америкийн иргэн удирдаж ирсэн юм. Өнгөрсөн онд Жо Байдены засаг захиргаа Дэлхийн банкны тэргүүнд Энэтхэг гаралтай, АНУ-ын иргэн Ажай Бангаг нэр дэвшүүлсэн нь уг зохицуулалтыг дахин баталгаажуулсан явдал байв.


Удирдах зөвлөлөөс дээрх мэдэгдлийг хийснээр ирэх долоо хоногт Вашингтонд болох ОУВС, Дэлхийн банкнаас зохион байгуулах дэлхийн санхүүгийн удирдагчдын уулзалтууд сангийн ирээдүйтэй холбоотой ямар нэгэн асуудалгүйгээр үргэлжлэх боломж бүрджээ. 

Холбоотой мэдээ