Гурван өдөр дараалсан барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-12 12:16:41

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, улсын баяр наадамд хоёр удаа дөрөв давсан, аймгийн арслан Р.Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өнөөдөр болж байна.


Тус барилдаанд аймгийн хурц арслан О.Баярхүү, У.Береке, М.Еркебулан тэргүүтэй 65 аймгийн арслан цолтой бөх зодоглож байгаа юм.


Тэгвэл маргааш Завхан аймгийн Ургамал сумын уугуул, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, ард олонд Атар-ын хэмээн нэршсэн Монгол Улсын начин Ю.Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.


Харин нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ны ням гарагт Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин П.Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг зохион байгуулна. Уг барилдааны түрүүг тав, үзүүрийг гурав, их шөвөгт шалгарсан бөхийг 1.5 сая төгрөгөөр байлах аж.


Дашрамд дурдахад, өчигдөр болсон сумын заануудын ээлжит барилдаанд 576 зодоглосноос Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Б.Пүрэвдаш түрүүлж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын М.Баасанжав үзүүрлэсэн байна. Сумынхаа наадамд хоёр түрүүлсэн Б.Пүрэвдаш бөхийн өргөөнд анх удаа манлайлсан нь энэ. Харин бөхийн өргөөнд хоёр түрүүлсэн М.Баасанжав хоёр дахиа үзүүрлэв. Уг барилдаанд Өвөрмонголын бөх шөвгөрсөн анхны тохиолдол гарчээ. Тодруулбал, Өвөрмонголын бөх Б.Содномжамц тав даван шөвгөрснөөс анхдагч амжилтын эзэн болжээ. Түүнд сумын цолтнуудын барилдаан бүрд олгодог “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал”, Ховд аймгийн Мөст сумын заан О.Чадалбатад “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг олгосон байна.




Холбоотой мэдээ