БАЯНХОНГОР: Монголын багш нарын 8 дугаар их хуралд 24 багш оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-11 15:24:08

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын багш нарын 8 дугаар их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж байна. Тус их хуралд 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 1200 багш оролцож байгаа бөгөөд Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Насан туршийн боловсрол, Мэргэжлийн болон техникийн боловсрол, Дээд боловсрол гэсэн дөрвөн салбар хуралдаанд оролцох юм.


Монголын багш нарын 8 дугаар их хурлаар, Шинэ зууны боловсрол, багш боловсролын шинэчлэлийн асуудлыг хоёр өдөр хэлэлцэх юм. Тус хуралд Баянхонгор аймгаас 24 багш оролцож байгаа бөгөөд 3-37 жил ажиллаж буй гурван үеийн төлөөлөгч багш нар багтжээ.


Их хурлын төлөөлөгч нар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын багш нарынхаа гаргасан багцалсан саналыг танилцуулж, ирээдүйд сургалтын хөтөлбөр, агуулга стандарт, багш нарын нийгмийн асуудал, багшлах боловсон хүчнийг тогтвортой ажиллахад чиглэсэн санал хүсэлтээ илэлхийлж байна.


Ташрамд, Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 1006, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 258 багш ажиллаж байна. 2023 оны Боловсрол сургалтын байгууллагууд гүйцэтгэлийн үнэлгээний дүнгээр Баянхонгор аймаг 76.03 хувиар улсад тэргүүлсэн бол гүйцэтгэлийн үнэлгээгээр багш нар 76.58 хувиар улсад гуравдугаар байр эзэлжээ.



Холбоотой мэдээ