АХБ: Монгол Улсын эдийн засаг 4-6 хувиар өсөх төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-11 14:34:51

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ДНБ 2022 онд 5 хувийн өсөлттэй байсан бол өнгөрсөн онд эдийн засаг 7 хувиар өссөн. Энэ онд 4.1 хувиар өсөхөөр байна. 2025 онд 6 хувьд хүрэх төлөвтэй байгааг Азийн Хөгжлийн банк (АХБ)-ны 2024 оны дөрөвдүгээр сард гаргасан Ази тивийн хөгжлийн төлөв тайландаа дурджээ.


Энэ талаар тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин болон АХБ-ны улс орон хариуцсан ахлах эдийн засагч Эдуард Фабер нар өнөөдөр мэдээллээ.


Эдийн засгийн өнгөрсөн оны 7 хувийн өсөлтөд ашигт малтмалын олборлолт их байж түүнийг даган экспорт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Экспорт нэмэгдсэнээр төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарч, макро эдийн засгийн орчин сайжирсан. Улмаар гадаад валютын улсын нөөц нэмэгдэж, инфляц болон улсын өр буурч ирснийг АХБ-ны ахлах эдийн засагч Эдуард Фабер онцоллоо.


Тодруулбал, уул уурхайн үйл ажиллагаа өргөжин, энэ нь үйлчилгээний салбарт дам нөлөөлж ирснээр ДНБ 2023 онд эрс нэмэгдсэн. Мөн цэвэр экспортын хэмжээ болон хувийн хэрэглээ өссөн нь эдийн засаг өсөх гол хөшүүрэг болжээ.

Тэгвэл Монгол Улсын эдийн засаг 2024, 2025 онд өсөхөд уул уурхайн салбарын олборлолт, үйлдвэрлэл голлон нөлөөлсөөр байх аж. Үүнд Оюутолгойн уурхай зэсийн баяжмалын үйлдэрлэлээ нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа нь гол түлхэц үзүүлнэ гэдгийг тэрбээр хэллээ.


“Монголын эдийн засаг 2023 онд маш сайн гүйцэтгэлтэй байсан. Энэ байдал ирэх онуудад хадгалагдаж, үргэлжилнэ гэж бид таамаглаж байна” хэмээн Монгол Улс дахь АХБ-ны суурин төлөөлөгч Шэннон Коулин хэллээ. Тэрбээр, эдийн засаг өсөх төлөвтэй байгаа ч мөн эрсдэл байна гэдгийг хэллээ.


Төсвийн урсгал данс 2007 оноос хойш анх удаа ашигтай гарчээ.


Үүнд нэгд, инфляцын түвшин орж байгааг тодотголоо. Хэрэглээний үнийн өсөлт өмнөх оноос буурч багассан хэдий ч өндөр хэвээр байна. Тодруулбал, одоо 7 хувьтай байгаа инфляцын түвшин 2025 онд 6.8 хувь болж буурах төлөвтэй. Гэхдээ зудын ул мөрөөс үүдэн ХАА-н салбарт тулгарах сорилт, мөн эдийн засгийн хурдтай өсөлтөөс үүдэн инфляцын түвшин өндөр хэвээр байх нь.

Хоёрт, импорт нэмэгдэхийн хэрээр урсгал данс алдагдалтай байх боловч 2025 онд экспорт нэмэгдэж, тэр хэрээр алдагдал буурна хэмээн үзэж байна. БНХАУ руу хийх нүүрсний борлуулалт ч урд хөршид үл хөдлөх хөрөнгийн зах зээл суларч байгаа, коксжих нүүрсний хэрэгцээ буурч, импортын эрэлт саарах гэж буй зэрэг байдалтай холбоотойгоор эрсдэл дагуулахаар байна.

Гуравт, 2024 оны эдийн засгийн өсөлтөд зудын ул мөр сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг уурын гамшиг ХАА-н салбарын үйлдвэрлэл, түүний өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. 

Холбоотой мэдээ