Д.Төмөрбаатар: Нээлттэй асуулт асуух нь хүүхдийг хөгжүүлэхэд давуу тал болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-10 20:01:59

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн багш Д.Төмөрбаатар түүхийн хичээлийн улсын олимпиадад хоёр дахь удаагаа түрүүллээ.

Тэрбээр орон нутагт 13 дахь жилдээ түүх, нийгэм, иргэний ёс зүйн боловсролын багшаар ажиллаж байна. Өнөөдөр түүнтэй уулзаж, багш мэргэжлийн онцлог, зарим тулгамдсан асуудлын талаар цөөн хором ярилцлаа. 

-Та 10 гаруй жил багшаар ажиллахдаа хүүхэд хөгжүүлэх ямар арга барилыг эзэмшсэн бэ? 
-Багш бол хүүхэд, өсвөр үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгож, тэднийг бие хүн болгон хүмүүжүүлэх чиглүүлэгч гэж боддог. Миний хувьд 7 дугаар ангийн сурагч байх үеэс түүхийн хичээлд дуртай, сонирхолтой болсон. Манай ангид түүхийн хичээлийг Х.Гантөмөр хэмээх багш зааж байсан юм.

Багш минь хичээлийн явцад "сонирхолтой асуулт асуусан сурагчийг үнэлнэ, урамшуулна" гэж байнга хэлдэг байлаа. Би түүний ажлын арга барилд суралцаж, түүнээс үлгэрлэн багш мэргэжлийг сонгосон.

Судлаад үзэхэд, сонирхолтой асуулт асуухаар хариултыг олоход чиглэсэн арга барилыг "Сократын арга" гэж нэрлэдэг.  Нээлттэй асуулт асуух нь хүүхдийг идэвхжүүлэх, бүтээлч сэтгэлгээ, хэл яриаг нь хөгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгохоос гадна багш өөрийгөө хөгжүүлэх давуу талыг бүрдүүлдэг. Иймээс би хичээл заахдаа тус арга барилыг ашиглаж байгаа.  
 

-Таны мэргэжлийн үнэ цэн юунд оршдог вэ?
-Бидний ажил хүүхэдтэй салшгүй холбоотой. Хүүхдийн суралцах хүсэл тэмүүлэл, хүндлэл, эерэг энерги нь багшийн ажлын үнэ цэнийг бататгаж байдаг.

Үүнээс гадна түүх гэдэг хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, тухайн орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар нөхцөл, харилцаа холбоо дэс дараа зэргийг нь сийрүүлэн баримтжуулах шинжлэх ухаан юм.

Түүхийн хичээл нь зөвхөн өнгөрсөн үед болсон зүйлийг судалдаггүй. Өнгөрсөнд болсон зүйлийн ололт амжилт, бахархал, алдаа дутагдал нь юу байсныг тодорхойлж, сайн талыг нь үргэлжлүүлэх, алдааг давтахгүй байх боломж олгодог. Мөн цаашид хийх зүйл буюу ирээдүйн амьдралаа төлөвлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээнд оршдог, гурван цаг үеийн асуудлыг судалдаг шинжлэх ухаан гэж ойлгож болно.

-Өнөө үед сурагчид түүхийн хичээлийг хэр их сонирхож байна?  
-Мэдээж энэ хичээлд дуртай сурагчид олон бий. Гэхдээ Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй сурагчид түүхийн хичээлийг сонгох тохиолдол цөөн байгаа. Энэ нь түүхийн хичээлийн оноогоор их, дээд сургуульд элсэх хуваарь сонголт бага, бусад хичээлтэй хослуулах боломж тааруу байгаатай холбоотой юм

Иймээс цаашид Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь сонголт, бусад хичээлтэй хослуулах боломжийг өргөжүүлж, түүхийн багшийн үнэлэмж, нийгмийн баталгааг нь сайжруулбал энэ чиглэлээр хүүхдүүд их сонирхож, суралцах болов уу гэж бодож байна. Үүнийг дагаад түүх, соёл, өв уламжлалаа бахархан дээдэлдэг эх оронч монгол хүнийг төлөвшүүлэх боломж мөн өргөжинө.
  

-Таны хувьд өнгөрсөн долоо хоногт болсон түүхийн хичээлийн улсын олимпиадад амжилттай оролцсон. Бидэнтэй багшийн хөгжил, амжилт ололтоосоо хуваалцахгүй юу?
-Манай сургуулийн багш нар "Цахим хөгжил", "Эрүүл зөв дадал хэвшил", "Тэгш хамруулах" гэх мэт мэргэжлийн хөгжлийн зургаан бүлэгт хуваагдан ажиллаж байна. Бид багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил, уралдаан, тэмцээн тогтмол зохион байгуулж, туршлага хуримтлуулж амжилт ололтоо ахиулсаар байгаа.

Миний хувьд түүхийн хичээлийн улсын олимпиадад таван удаа оролцсон. Улмаар хоёр удаа тэргүүн байр эзэлсэн бол нэг удаа хүрэл медаль авч, хоёр удаа тусгай байрт шалгарсан.

Мөн аймгийн хэмжээнд зохион байгуулсан түүхийн хичээлийн олимпиадад зургаан удаа тэргүүн байр эзэлж байлаа. Үүнээс гадна бэлтгэсэн шавь нар минь түүх болон нийгмийн ухааны хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож, улс, аймгийн дундаж үзүүлэлтээс дээгүүр үнэлэгдэж байсан удаатай.

Өнгөрсөн хугацаанд миний хийсэн ажил, гаргасан амжилт бүхэн сургуулийн хамт олон, шавь нар, гэр бүл, найз нөхөдтэй минь салшгүй холбоотой. Тэднийхээ тусламж, дэмжлэгээр өнөөдрийн амжилтыг бүтээсэн тул чин сэтгэлийн талархал илэрхийлье.  

-Сүүлийн үед залуу багш нарын тоо нэмэгдэж байна. Тэгэхээр залуу багш нарт хандан та юу хэлэх вэ? 
-Манай сургууль 100 гаруй багш, ажилтантай. Тэдний дийлэнх нь эрч хүчтэй, шинийг санаачлагч залуус байдаг. Залуу багш нар хөгжих, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд хамгийн чухал зүйл бол ахмад үеэсээ суралцах гэж би боддог. Миний хувьд ахмад багш нарын зөвлөгөө, шүүмж, аливааг сайжруулах саналыг нээлттэй сонсож, тэмдэглэж аваад бодитоор хэрэгжүүлэхийг зорьж явна.

Үүнээс гадна багшийг хөгжүүлдэг гол зүйл нь хүүхэд. Иймээс хүүхдүүдтэй тулж ажиллах, багш, сурагч, эцэг, эх, асран хамгаалагчийн эргэх холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Мөн өдөр тутам хичээлийн төлөвлөгөө, бусад баримт бичгийн боловсруулалтад анхаарч, ном их уншиж, номын тэмдэглэл хийх зэргээр олон чиглэлд өөрийгөө сорьж,  хөгжүүлж байгаарай гэж зөвлөе.    

-Орон нутагт багш мэргэжлээр ажиллахад тулгамдаж буй асуудал юу байна вэ? Өнөөгийн боловсролын хөгжилд юуг анхаараасай гэж хүсдэг вэ?
-Багш нарын хэлдэг нийтлэг асуудал олон бий. Тодруулбал, орон нутагт ажиллаж буй багш нарыг дэмжих, урамшуулах, хөгжүүлэх, нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилго бүхий төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа боловч хүртээмж муу, хангалтгүй байна.

Мөн залуу багш нар орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа. Гэвч одоогоор ипотекийн зээлийн олголт нь удааширч байна. Жишээлбэл, би 2020 онд зээлийн хүсэлт гаргаж, материал бүрдүүлж өгсөн. Ингээд 4-5 сар хүлээгээд эцэст нь тухайн орон сууцыг худалдан авч чадаагүй, өөр хүнд зарсан тохиолдол бий. Тэгэхээр иргэдийн орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэх, илүү шуурхай болгоход анхаараасай гэж хүсдэг.

Үүнээс гадна багшийн нэр хүнд, үнэлэмжийг хамгаалах асуудал сул байна. Багш нар ёс зүйн алдаа гаргаж, сурагчийн биед хүрсэн, буруу үг хэлсэн, доромжилсон бол хуулийн хариуцлага хүлээх нь зүйтэй. Харин сурагчийн эцэг эх, багшийн хооронд үүссэн үл ойлголцлоос болоод цахим орчинд албан ёсны баримт нотолгоогүйгээр багшийн нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох явдал гарч байна. Үүнээс шалтгаалан залуу багш нар анги удирдан ажиллах сонирхол их буурсан. Яагаад гэвэл хүүхдийн эцэг, эхтэй үл ойлголцол үүсэх, ямар нэгэн асуудал гарахаас айж, эмзэглэх хандлага ажиглагдаж байна. 

Мэдээж хүүхдийн сурлагын амжилтад багшаас гадна хүүхэдтэй хамт хамгийн их цаг хугацааг өнгөрөөж буй эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоо чухал байр суурь эзэлдэг. Иймд сургуулийн үйл ажиллагаанд оролцохгүй, зарим тодорхой үүргийг биелүүлэхгүй байгаа эцэг, эх, асран хамгаалагчид хариуцлага тооцох эрх зүйн орчин  бүрдүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн сүүлийн хоёр жилд багшийн хөгжил, хичээл практикийн зардал, нөхөн хангалтын зардал зэргийг тооцож, олгох болсон. Үүний зарцуулалтын асуудал, шийдлийг эргэн харах шаардлагатай байна. Тухайлбал, сургуулийн мэргэжлийн хөгжлийн бүлгээс санаачлан хэрэгжүүлж байгаа ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй, багш нар хувиасаа санхүүжилт гаргадаг. Хэрвээ багшийн хөгжлийн зардлаас санхүүжилт гаргавал Аудитын байгууллагын шалгалтаар зөрчил үүсдэг. 

Дараагийн тулгамдсан асуудал гэвэл нөхөн хангалтын зардал. Бид сургалтын үйл ажиллагаанд хэрэгцээтэй бараа, материалыг худалдан авахдаа орон нутгийн компани, хувь хүний бизнесийг дэмжих боломжгүй, заавал цахим дэлгүүр (салбар яамнаас) -ээс авах гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл зах зээлийн үнэ, цахим дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнэд ялгаа бий. Орон нутгийн компани, хувь хүн тухайн бараа материалыг илүү хямд үнээр авах санал  ирүүлдэг тул сургуульд эрхийг нь өгөөсэй гэсэн хүсэлт байна. 

Мөн орон нутагт ажиллаж буй боловсрол сургалтын байгууллагын багш ажилтанд олгох мөнгөн тэтгэмжийн болзлыг уян хатан болгох саналыг багш нар хэлж байгаа.   

-Багш нарын ажлын ачаалал их байдаг.  Энэ талаар ямар зохицуулалт хийх вэ?
-Зарим сургуульд анги дүүргэлт их байдаг. Үүнээс шалтгаалан багш хүүхэд бүрд хүрч ажиллах боломж хумигдаж, хугацаа бага учир ачаалал үүсдэг. Үүнээс гадна багш нар дуу чимээ ихтэй орчинд ажилладаг. Хүйтний улиралд зарим сургалтын байгууллагын дулаан хангамж доголдоно, эрүүл мэндийн асуудал үүсдэг тул багш нарын тэтгэврийн насыг наашлуулах, тэтгэвэр тогтоолгох хувь, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллаасай гэж хүсдэг.

Мөн төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөхтэй холбогдуулан баш нарыг монгол бичгийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх сургалтад хамруулах, багш солилцоо хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах нь чухал гэж бодож байна. Мөн цахим хичээлийн үйл ажиллагааг сайжруулах, сурагчдын цахим хэрэглээг зохистой болгох чиглэлд анхаарах нь зүйтэй юм

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.  

  

 

Холбоотой мэдээ