Төвлөрсөн дулаан хангамжийн хэрэглээ хүчин чадлаасаа 40 гаруй хувиар хэтрээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-10 16:53:49

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хэрэглээ суурилагдсан хүчин чадлаасаа 40 гаруй хувиар хэтрээд байна.


Учир нь цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар өсөж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2022 онд 1469 МВт хүрч байсан бол 2023 оны 12 дугаар сард 1636 МВт хүрчээ.


Хэрэглээний энэ өсөлт цаашид ч тогтмол нэмэгдэх бөгөөд өсөлтийг одоо ажиллаж буй эх үүсвэрүүдээр хангах боломжгүйн дээр ДЦС-ууд бүрэн хүчин чадлаараа, нөөц тоноглолгүй ажиллаж байгаа, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоноглол хуучирч элэгдсэн зэргээс хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлах нөхцөл үүсэх эрсдэл улам бүр нэмэгдэж байгааг Эрчим хүчний зохицуулах хороо мэдээлэв.


Иймд эдгээр асуудлыг шийдэхэд эрчим хүчний хэмнэлтийг эрчимжүүлж, үр дүнг нэмэх, эдийн засгийн бүх салбарыг хамарсан шаардлагатай арга хэмжээг цогцоор хэрэгжүүлэх, бусад оролцогч тал, төрийн байгууллага, салбарын үйлдвэр, компани, эрчим хүчний хэмнэлтийн мэргэжлийн байгууллагын үүрэг оролцоо, уялдаа холбоог сайжруулахаас гадна дэлхийн чиг хандлага, сайн туршлагыг нэвтрүүлж, ахисан түвшинд гаргахын тул Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.


Эрчим хүч хэмнэлтийн хууль, эрх зүйн орчныг сайжруулахад Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хуулийн төслөөс техник, арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаа аж.


Дээрх хэлэлцүүлэгт ЭХЯ, БХБЯ, ЭХЗХ, Барилгын хөгжлийн төв, эрчим хүчний салбарын холбогдох байгууллагын төлөөлөл, мэргэжилтэн, аудитор, менежерүүдийн холбоо, олон улсын байгууллага болон хэрэглэгчдийн төлөөлөл зэрэг 28 байгууллагын 70 гаруй хүн оролцжээ

Холбоотой мэдээ