Хуримтлуулах станцаас төвийн системд 17.7 сая кВт эрчим хүч нийлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-10 14:34:31

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Манай улсад ЭХЯ, АХБ-наас “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хуримтлуулах батарейн станц ажиллуулж байгаа юм. Энэ нь манай улсад эрчим хүчний шинэ эх үүсвэрт орох, сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл юм байна. Энэ талаар төслийн менежер Б.Билгүүнээс тодруулав.


-Танай цахилгаан хуримтлуурын батарейн станцаас төвийн эрчим хүчний системд өнөөдрийн байдлаар хэчнээн хэмжээний цахилгаан эрчим хүч нийлүүлээд байна вэ?

-Энэ оны эхний байдлаар 17.7 сая кВт цахилгаан эрчим хүч нийлүүлээд байна. Ер нь бол бүрэн хүчин чадлаар жилд 58 сая кВт-ыг нийлүүлэх юм. Манайх эрчим хүчний уламжлалт эх үүсвэр биш, шинэ гэдгээр дээрх хэмжээгээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байна гэсэн үг.

Одоо ДЦС-ууд эрчим хүчний системийн ачааллын үед тултал ажиллаж байгаа. Үүн дээр манай сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа юм. Ингэснээр дутагдаж буй цахилгаан эрчим хүчийг нэмж нийлүүлж, оргил ачааллын үеийг даван туулж байна. Манай станцын оролцоо, хувь нэмэр энэ юм.

Тодруулбал, манайх төвийн эрчим хүчний сүлжээ хэт их ачаалалтай үед цахилгаан, эрчим хүч нийлүүлээд, ачаалал бага, буурах үед түр зогсдог. Энэ үед цахилгаан, эрчим хүчээ хуримтлуулдаг горимтой. Энэ хуваарилалтыг диспитчер хийж байдаг. Зөвхөн манай хуримтлуурын эх үүсвэр гэлтгүй, нар, салхины бусад сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлэх эрчим хүчийг ч мөн зохицуулж байдаг юм.

Бидний үндсэн зорилго нь ДЦС-уудын буюу эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай үйл ажиллагаа бүхий байдлыг хангах явдал юм. Учир нь ДЦС-ууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл шиг нөхцөл байдлаас хамааран түр зогсох зэрэг зүйл байхгүй, тохируулсан горимоороо тасралтгүй ажиллаж байдаг.


-Танайх мөн импортоор авч буй эрчим хүчтэй ямар хамааралтай вэ?

-Системийн ачаалал хязгаартаа тулсан нөхцөлд ОХУ болон БНХАУ-аас авч буй эрчим хүчний хэмжээг нөхөх, бууруулах, багасгах зүйл бий.

-Танай станц өнгөрсөн оны сүүлээс ажиллаж эхэлсэн ч төсөл бүрэн дуусаагүй байгаа гэсэн. Хэзээ бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх вэ?

-Одоо манай станцын тохируулгын үе жигдэрсэн. Сая 2-3 дугаар сард бүрэн хүчин чадлаар ажилласан. Одоо бидэнд өвөл хийж амжаагүй, гаднах тохижилт, зам зэрэг дэд бүтцийн ажил үлдээд байгаа. Бусдаар төвийн эрчим хүчний систем рүү цахилгаан нийлүүлэх шугам сүлжээний бүх ажил ашиглалтад ороод бүрэн ажиллаж байна. Манай хажууханд төвийн эрчим хүчний нийлүүлэлтийн салбар станц байгаа. Манайх тус станц руу эрчим хүч, цахилгаанаа нийлүүлж, цааш нь дамжуулдаг юм гэв.


“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийг АХБ-ны 114 сая ам.долларын санхүүжилтээр 2020-2025 он хүртэл хэрэгжүүлэх юм. Санхүүжилт нь АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 100 сая ам.доллар, мөн тус банкны 3 сая ам.долларын тусламжаас бүрдэж байна.

Санхүүжилтийн 10 орчим хувь буюу 11.95 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргахаар төсөвт тусган суулгажээ. Энд гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх зэрэг үйл ажиллагаа орж байна.




Тодруулга: Хуримтлуурын станц бүрэн хүчин чадлаар цахилгаан, эрчим хүчний хэрэглээний ид оргил ачааллын үед богино хугацаанд 80 МВт хүртэлх чадлыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм. Энэ нь 20 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчний хязгаарлалтаас сэргийлэх тооцоо аж. Ийм байдлаар энэ оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар нийт 17.7 сая кВт/цаг цахилгаан эрчим хүчийг төвлөрсөн системд нийлүүлээд байна. Тодруулбал:

2023 оны 12 дугаар сард 3.5 мянган кВт,

2024 оны 1 дүгээр сард 3.7 мянга,

2 дугаар сард 4.6 мянга,

3 дугаар сард 5.7 мянган кВт цахилгаан эрчим хүч тус тус нийлүүлээд байна.

 

Холбоотой мэдээ