ДАРХАН-УУЛ: Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим, тэжээлийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-10 12:19:26

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дархан сумын ЕБС-ийн үдийн цай, СӨБ-ын хүүхдүүдийн хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор “Beyond Nutrition” төслийг Дархан сумын ЗДТГ, “Эрүүл бяцхан иргэд” ТББ хамтран хэрэгжүүлэхээр боллоо.


Хамтын ажиллагааг эхлүүлж Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, “Эрүүл бяцхан иргэд” ТББ-ын тэргүүн В.Ганзориг нар санамж бичигт гарын үсэг зурлаа.




Төсөл эхний удаад Дархан сумын ЕБ-ын 12 дугаар сургууль болон 7 дугаар цэцэрлэгт хэрэгжих юм.


Төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн гал тогоог автомат аяга, таваг угаагчаар хангах, хүүхдийн насны онцлогт тохирсон шим, тэжээлтэй хоолны цэс боловсруулах, тогооч, удирдлагыг мэргэжлийн сургалтад хамруулах, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад шим тэжээлийн болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулна. Мөн эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах тогтолцоонд үнэлэлт өгч, зөвлөмж боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ.


Төслийн үр дүнг үндэслэн Дархан сумын бусад сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэрлэх бөгөөд эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэж Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, “Эрүүл бяцхан иргэд” ТББ-ын тэргүүн В.Ганзориг нар онцоллоо.




Ташрамд, ЖАЙКА олон улсын байгууллагаас манай улсад хийсэн судалгаагаар хүүхдийн өдөрт авах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 3-4 дахин бага, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, Д амин дэм бага байгаагаас үүдэн ясны сийрэгжилттэй болох эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.

Холбоотой мэдээ