Иргэдийн чөлөөтэй зорчих замыг хааж барьсан бүх төрлийн обьектын мэдээллийг гаргаж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-10 09:59:49

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр ахлуулсан ажлын баг хариуцсан трасст хээрийн судалгааг эхлүүллээ.


Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөө дагуух нэг талдаа 24.1 км нийт 48.2 км трасст хээрийн судалгаа хийнэ.


Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан, “Нийслэлийн харьяа 10 гаруй мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамтран хийх судалгаагаар эдэлбэр газраасаа хэтрүүлэн барьсан хашаа хайс, барилгын өргөтгөл, авто зам, явган хүний замын эвдрэл гэмтэл, суурьшлын бүсэд байрлах ШТС, гудамж талбайд үүссэн хур хог хаягдал, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг гэхчлэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй бүх төрлийн обьектын мэдээллийг гаргана. Дараа нь холбогдох иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэх хуудас, зөвлөмж хүргүүлж, зөрчлийг арилгана” хэмээв.



Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн, “Эдэлбэр газраасаа хэтрүүлэн газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1-2 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлж, зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Манай байгууллага 200 гаруй албан хаагчтай тул нийслэлийн нутаг дэвсгэрт бүрэн хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс иргэд газартай холбоотой зөрчил, мэдээллийг Засгийн газрын 11-11 төв, нийслэлийн зөрчил мэдээлэл хүлээн авах 310005 утсаар өгөх боломжтой” гэжээ.



Ийнхүү нийслэлийн гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх ажил эхэлж, иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэхээр зорьж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр нараар ахлуулсан таван ажлын багийг байгуулаад байгаа аж.

 

Холбоотой мэдээ