ГОВЬ-АЛТАЙ: 3000 орчим сэг зэм устгаж, 3500 м2 талбайд халдваргүйтгэл хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-08 16:05:08

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 8, /МОНЦАМЭ/. Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийн устгал, халдваргүйтгэл энэ өдрүүдэд улс орон даяар өрнөж байна. Одоогоор энэхүү ажил аймгийн 11 сумд эхэлж 3000 орчим сэг зэм устгажээ.


Тодруулбал, Говь-Алтай аймгийн хэмжээнд өнгөрсөн өвөл, хавар нийт 89,191 мянган толгой мал хорогдсон бөгөөд хамгийн өндөр хорогдолтой сумдад Дэлгэр, Халиун, Чандмань, Бигэр, Есөнбулаг орж байна. Хүн, малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг шуурхай зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахаар аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг Дэлгэр, Чандмань, Бигэр, Халиун сумдад томилогдон ажиллажээ. 


Улс орон даяар өрнөж байгаа зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгах ажлыг сум бүрд тогтоосон байршлын дагуу сэг зэмийг усгуулах, зураглал хийх, нэмэлт цэг байгуулах, тодорхой төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Одоогийн бaйдлаар энэхүү ажил аймгийн 11 сумд эхлэж, 3000 орчим сэг зэмийг устгаж, 3415м2 талбайд халдваргүйтгэл хийгээд байгаа тухай Мал эмнэлгийн газрын шимэгчлэх, халдваргүй өвчин, эм био бэлдмэлийн хэрэглээний асуудал хариуцсан мэргэжилтэн А.Лхамгарьд мэдээллээ.


Холбоотой мэдээ