Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох тамирчдын нэр тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-08 10:52:13

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын боксын холбооноос Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох тамирчдаа сорилоор тодрууллаа.


Энэ удаа эрэгтэй гурав, эмэгтэй хоёр жинд сорил явуулахаар болсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Олимпын эрхийн тэмцээнд оролцох сорилд эрэгтэйчүүдийн 57 кг-д Азийн аварга, Армийн дэлхийн аваргын мөнгөн медальт “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Х.Энх-Амар яллаа. Түүний өрсөлдөгч нь залуу мастер Г.Лундаа байв.


Тэгвэл 63.5 кг-д Дэлхийн аваргын хүрэл медальт, 2019, 2021 оны Азийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Э.Цэндбаатар сорилд ялснаар Бангкокийг зорих болж байна. Тэрбээр Б.Буяндалайг 3:2-оор,  Т.Энхтөрийг 4:1-ээр ялсан юм. Тэрбээр эрхээ авсныхаа дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бүх чадлаараа хичээх болно. Би Олимпын эрхээ авч, цаашлаад дутуугаа гүйцээхийг хүсэж байна. Олимпын медалийг энгэртээ зүүхийн төлөө бүх чадлаа зориулна. АНУ-д 10 дахь тулаандаа орсны дараа эх орондоо ирж, шигшээ багийнхаа залуустай нэгдэн Олимпын эрхийн тэмцээний бэлтгэлээ хийнэ” гэв.

Харин 71 кг-д О.Бямба-Эрдэнэ дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мишээлтийг 3:2-оор ялснаар Бангкокийг зорих тийзээ захиаллаа.


Түүнчлэн эмэгтэйчүүдийн 54 кг-д Дэлхийн аваргын хүрэл медальт М.Энхжаргал финалд Э.Мичидмааг 5:0-ээр ялснаар Бангкокийг зорихоор болж байна. Тэгвэл 57 кг-д Азийн аваргын мөнгөн медальт Т.Болортуул өрсөлдөгчөө 4:1-ээр хожиж, Олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөхөөр болов. Ирэх сарын 23-нд Тайландын Бангкок хотод эхлэх тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүд долоо, эмэгтэйчүүд таван жинд өрсөлдөнө.


Эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул,  60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдээс 51 кг-д Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонбат, +92 кг-д Х.Бекнур нар Олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөнө.

Холбоотой мэдээ