Хамгийн өндөр настай эрэгтэй Англид амьдардаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-07 08:51:46

ЛОНДОН. 2024 оны дөрөвдүгээр сарын 7 /ВВС/. Английн Мерсисайд гүнлэгт амьдардаг Жон Тиннисвүүд “дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн” гэгдэн Гиннесийн номонд бичигджээ.


Өдгөө 111 жил, 223 өдрийн нас сүүдрийг элээж буй түүнд дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлсний гэрчилгээг пүрэв гарагт гардуулан өгсөн байна.


Тэрбээр одоо Саутпорт хотын ахмад настнуудын халамжийн төвд амьдарч байгаа бөгөөд британичуудын уламжлалт хоол болох шарсан төмстэй загас иддэг, залуу байхдаа байнга явган явдаг байсан нь түүний урт насалж буйн нууц гэнэ.


“Ливерпүүл” багийн хөгжөөн дэмжигч Тиннисвүүд 1912 оны 8 дугаар сарын 26-нд Саутпорт хотод төрсөн бөгөөд Дэлхийн II дайны үед буюу 1942 онд эхнэр Блодвен-тэй гэрлэжээ. 44 жил хамтдаа амьдарсан тэдний охин Сьюзен 1943 онд төржээ. Тиннисвүүд 1972 онд тэтгэвэрт гарахаасаа өмнө Royal Mail, Shell, BP зэрэг томоохон компаниудад ажиллаж байв.


Өөртөө зориулж хоолны тусгай жор зохиож байгаагүй, өөрийн идэх дуртай шарсан төмстэй загасыг одоог хүртэл идсээр байгаа тухайгаа тэрбээр яриад “бие организмдаа хэтэрхий их ачаалал өгөх хэрэггүй, мөн хүмүүстэй эвтэй байхыг” зөвлөжээ.



Тиннисвүүд бол дэлхий дээрх хамгийн өндөр настай эрэгтэй хүн мөн гэдгийг Гиннесийн номын ахлах зөвлөх Роберт Янг болон Геронтологийн судалгааны багийнхан баталсан байна.

Хуримын зураг. 1942 он


Ташрамд дурдахад, хамгийн өндөр настай эрэгтэй гэгдэж байсан Венесуэлийн иргэн Хуан Висенте Перес Мора мягмар гарагт 114 насандаа таалал төгсжээ. Харин хамгийн өндөр настай эмэгтэй хүн бол Испани улсын иргэн 117 настай Браньяс Морера юм. 

Холбоотой мэдээ