Альцгеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2024-04-05 14:32:17

ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /BBC/. Альцгеймерийн өвчин ба ой санамж алдагдах бусад эмгэгийг цусны шинжилгээгээр эрт илрүүлэх томоохон хэмжээний эмнэлзүйн туршилтыг Их Британид хийж эхэлжээ.


Туршилт амжилттай болбол танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах буюу тэнэгрэх өвчинд өртөх эрсдэлтэй хүмүүс өвчний хамгийн эхний үе шатанд шаардлагатай асаргаа эмчилгээнд хамрагдсанаар өвчин даамжрахаас сэргийлэх боломжтой болно. 


Лондоны Их сургуулийн коллеж /UCL/ болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн явуулж буй энэхүү эмнэлзүйн туршилтад насанд хүрсэн 50 мянга орчим хүн сайн дурын үндсэн дээр оролцох бөгөөд таван жил үргэлжлэх уг туршилтыг Оксфордын их сургуулийн профессор Ванесса Рэймонт удирдан явуулах ажээ. 


Өнөөдрийн байдлаар тэнэгрэх өвчний гурван тохиолдол бүрийн нэгийг оношлох боломжгүй хэвээр байна. Энэ өвчний хамгийн түгээмэл хэлбэр болох Альцгеймерийн өвчний оношийг баттай тогтоох хоёрхон арга байдаг нь тархины тусгай PET сканнер хийлгэх эсвэл нугасны шингэн авах арга юм. Гэтэл өртөг нь өндөр тул бодит байдал дээр өвчтөнүүдийн ердөө 2 хувь нь оношилгоонд хамрагддаг байна. 


Харин Оксфордын их сургуулийн эрдэмтэд өөрсдийн боловсруулан гаргасан илүү хялбар бөгөөд хямд өртөгтэй цусны шинжилгээг ашиглан үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна.


Туршилтын үеэр UCL-ийн эрдэмтэд Альцгеймерийн өвчний биомаркеруудаас хамгийн ирээдүйтэйд тооцогдож буй "p-tau217" гэдэг маркерыг голчлон судлахаар төлөвлөжээ. "Альцгеймерийн өвчний хувьд эрт, зөв оношлох нь хүмүүст зохих эмчилгээ, эмийг эрт хэрэглэх боломжийг олгох учраас маш чухал" гэж судалгааг удирдаж буй UCL-ийн мэдрэл судлалын профессор Жонатан Шотт хэллээ. "Хэрэв бидний итгэл найдвар биелж, Альцгеймерийн өвчнийг удаашруулж чадах шинэ эмчилгээ ойрын ирээдүйд бий болбол эрт оношлох нь амин чухал шаардлагатай" гэж тэрбээр нэмж хэлэв.

Холбоотой мэдээ