БУЛГАН: Иргэн бүр байгаль орчноо хамгаалахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-08 10:38:45

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас иргэдэд "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулж байна.


"Монголд зочлох жил", "Цэвэр орчин-Цэмцгэр Булган" аяны хүрээнд орчны бохирдлыг багасгах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө, "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих аргачлалын талаарх сургалтыг дөрөвдүгээр сарын 1-11-ний өдрүүдэд Булган аймгийн хойд бүс Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр, Тэшиг, Бугат, Хангал, Хялганат, Сэлэнгэ суманд дөрөвдүгээр сарын 15-22-нд урд бүс болох Бүрэгхангай, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр, Орхон суманд зохион байгуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын газрын баг ажиллаж байна.




Иргэд зохион байгуулалттай нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцох, хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж, хогийн төлбөрөө цаг тухайд нь төлөх, малчид нүүхдээ бууриа цэвэрлэж, байгаль орчноо хамгаалах, хорогдсон малын сэг зэмээ булж цэвэрлэх, айл өрхүүд нүхэн жорлонгоо ариутгаж халдваргүйжүүлж, эко жорлонтой болох, хашаа хороо, гудамж талбайгаа үргэлж цэвэр цэмцгэр байлгаж, мод тарих, багууд төвлөрсөн хогийн цэгээ дарж булах, талбайг хумих, төмөр тор болон таримал модоор хашаажуулах ажлыг хамтран хийх, аялал жуулчлалын зам дагуу цэвэрлэгээ хийж, хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, аялагч, амрагчдыг хог хаягдлаа зохих газарт хаяж хэвшихэд иргэн бүр оролцож эх оронч байхыг уриаллаа.


Холбоотой мэдээ