БУЛГАН: Номын сангийн барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-04 15:16:44

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Булган аймгийн нийтийн Номын сангийн шинэ барилга барих шав тавьжээ.

 

С.Удвал ахайтны нэрэмжит Булган аймгийн төв номын сангийн шинэ барилга барих ажил 2024-2025 оны улсын төсөвт суусан, хуучин барилгын суурин дээр 2 жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулахаар “Зууны сод хийц” компани ажилдаа ороод байна.


Ойрын хугацаанд байраа суллах ажилтай Номын сангийн үйлчилгээ түр зогссон бөгөөд барилга барих үеийн үйлчилгээ явуулах байрыг аймгийн удирдлагуудад санал хүсэлт хүргүүлсэн тул үйлчилгээг удахгүй хэвийн явуулна гэдгийг Номын сангийн дарга Т.Мөнгөнтуяа ярилаа.

 


Номын сангийн барилга 3.1 тэрбум төгрөгийн өртөгтэй, 2 давхар 400 уншигчийн суудалтай 1000 м.кв талбайд барих юм.


Булган аймагт анх 1946 онд тэр үеийн Засаг захиргааны шийдвэрээр 200-гаад номтой, нэг орон тоотой, 15 мянган төгрөгийн төсөвтэй, нэг уншлагын том ширээ, тойруулж суух сандалтай хуучин депутатуудын танхимд байрлаж анхны номын сангийн үндэс суурь эхлэн тавигдаж байсан.


1961 онд одоогийн номын сангийн барилга баригдаж номын сан нүүн орж нийтийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, гэрээр ном олгох тасаг нэг ээлждээ 20-30 хүнд үйлчлэх, хүчин чадалтай 5 орон тоотой мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж эхэлсэн нь номын сангийн хөгжилд томоохон дэвшил авчирсан төдийгүй 1974 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 342 дугаар тогтоолоор номын сангийн зэрэг тогтооход улсын 3-р зэргийн номын сан болсон баялаг түүхтэй юм. 



Холбоотой мэдээ