ТӨВ: Албан хаагчдадаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-07 09:42:02

Зуунмод 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас албан хаагчид, ажилтнууддаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгож байхаар болжээ.


Энэ талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга М.Буянхишигээс тодруулахад, “2024 оныг Төв аймаг “Залуучуудын манлайлал, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Тухайн жилийн хүрээнд ажилтан, албан хаагчдынхаа хөгжлийг дэмжих ажлуудыг төлөвлөөд байна.


Төлөвлөгөөний хүрээнд энэ байгууллагад ажилладаг 24 ажилтнаас судалгаа авч, гэр бүлдээ цаг гаргах нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгцээ шаардлага байгаа талаар мэдсэн. Иймд ажилтан, албан хаагчдадаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх боломжийг олгож байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтнаа дэмжиж, урамшуулж, хамтран ажиллаж байхыг уриалж байна” гэв. 

Холбоотой мэдээ