ТӨВ: Мөрдөс гоёсон бүсгүйчүүд урлагаар өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-07 08:26:58

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын дунд "Мөрдөс гоёсон бүсгүй" соёл урлагийн тэмцээнийг зохион байгууллаа.


Тэмцээнд Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг 8 байгууллагын 70 гаруй эмэгтэй алба хаагчид удирдамжийн дагуу 6 төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

 


Тэмцээнийг Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан юм.

 

Түүнчлэн тус тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд ажил мэргэжлийг сурталчлах, ардын уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

 


Тэмцээний тэргүүн байрт аймгийн цагдаагийн газрын ахлах дэслэгч Т.Чимэддулам ахлагчтай “Шонхор” баг, дэд байрт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ахлах дэслэгч Э.Саранцацрал ахлагчтай “Гялбаа” баг, гутгаар байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн дэд ахлагч O.Солонго ахлагчтай “Цэнхэр дуулгатан” баг тус тус шалгарлаа.

 


“Цэнхэр дуулгатан” багийн гишүүдээс тодруулахад, “Анх удаа зохион байгуулж байгаа энэ тэмцээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Багийн гишүүн бүр шинээр олон зүйлийг сурч, мэдэж авсан үр дүнтэй өдрүүд өнгөрлөө. Ажлаа хийхийн зэрэгцээ өөрсдийгөө хөгжүүлж, илүү нээлттэй болж чадсан гэж бодож байна” гэв.




Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг Хилийн цэргийн 0267 дугаар анги оролцсон нь уг тэмцээний онцлог байв.


 

Холбоотой мэдээ