ТӨВ: Хүүхдийн зуслан байгуулсан түүхээс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-26 12:11:26

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Төв аймагт 1958 оноос пионер сурагчдын амралтыг хөдөлмөртэй, сургалтыг үйлдвэрлэлтэй холбох ажил өрнөж эхэлжээ. Энэ нь дэлхийн II дайны жилүүдэд Төв аймгийн 14 настай охин Даваадулам улсын сайн малчин болж Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын хүндэт шагнал авсан жишээнээс үлгэрлэж эхлүүлсэн ажил юм.


Жаргалантын дунд сургууль улсад анх удаа хөдөлмөр амралтын зусланг санаачлан сурагчдаа газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэлийн төрөл бүрийн ажилд дадлагажуулж эхэлжээ.


Тус аймагт хөдөлмөр зуслангууд 1960 оноос эрчээ авсан бөгөөд гол төлөв 9,10 дугаар ангийн сурагчид 3-6 ээлжээр ажиллаж эхэлсэн байна.  




1980 он болоход тус аймагт Хөдөлмөр амралтын 36 зуслан, хөдөлмөрийн 43 бригадад 9600 пионер сурагч хамрагдан байгалийн хадлан 12744 тн, 6100 тн хүчит тэжээл, 14000 кг цагаан идээ, 90000 л сүү, 16300 л айраг бэлтгэж, 620 эмнэг сургасан дүн гарчээ.


Мал аж ахуйн ажил “Малчдын залуу халаа”, “Сүрэг хамгаалах нөхөрлөл”, “Төлчдөд туслах цуваа” болж хөгжсөн. Аймгийн Пионерын байгууллага 1980 оноос эхлэн пионер сурагчдын хөдөлмөрийн аваргыг зургаан төрлөөр шалгаруулж иржээ.


Төв аймгийн пионер сурагчид 1988 онд “Төл түмний үйлс” уриан дор 122780 төл бойжуулж, ишиг, хурганы 11200 элгэвч, 8400 нэмнээ, 1120 уут бэлтгэн төлчдөд бэлэглэж байв.


Зуунмод хотод нэг ээлжинд 120 хүүхэд амрах “Алтан хараацай” өдрийн зуслан ажиллуулж 480 пионер сурагчийг амраасан нь аймгийн хүүхдийн амралтын анхны газар байжээ.


Аймгийн Нийгмийн халамжийн ажилтан, ахмад багш А.Давааням “хүүхдийн зуслан бариач” гэж цалингаа хандивлан санаачилга өрнүүлснээр 1987 онд ард олны хандиваар Эрдэнэ сумын нутаг Горхи-Тэрэлжийн аманд 1000 хүүхэд амраах аймгийн пионерын “Өгөөмөр” зусланг байгуулжээ.


Өдгөө Төв аймгийн хэмжээнд Баянчандмань, Жаргалант, Мөнгөнморьт, Эрдэнэсант суманд Хөдөлмөр зуслан үйл ажиллагаагаа явуулж байна. 

Холбоотой мэдээ