ТӨВ: Яаралтай тусламжийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-16 17:41:52

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Кёнги аймгийн Эрүүл мэндийн газар Төв аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн үеийн тоног төхөөрөмж хандивлав.

 

Тухайлбал, өвчтөний амин үзүүлэлтүүдийг хянах, зүрхний бичлэг хийх зориулалт бүхий хяналтын монитор, диодын лазер буюу судас нөхөн сэргээх лазер эмчилгээний аппарат, яс ургалтыг хянах, үрэвслийг дарах лазер эмчилгээний аппарат зэрэг нийт зургаан тоног төхөөрөмжөөр хангажээ.

 

Уг тоног төхөөрөмжүүд нь орчин үеийн эмнэлгийн үйлчилгээний стандартад бүрэн нийцсэн, зөөвөрлөхөд хялбар байгаа тухай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд онцолж байв.

 

Өнгөрсөн оны аравдугаар сард Төв аймаг БНСУ-ын Кёнги аймгийн Эрүүл мэндийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. 

 

Түүнчлэн Төв аймгийн Эрүүл мэндийн байгууллага Кёнги аймгийн Эрүүл мэндийн газартай эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээр хамтран ажиллахаас гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ суралцуулах, дадлагажуулах, харилцан туршлага солилцох ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ