ЗАВХАН: Ж.Мандахнар: Тэмээний уламжлалт маллагааг залуу малчдад зааж өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-07 11:32:38

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн хамгийн олон тэмээтэй Дөрвөлжин сумын Тавантолгой багийн малчин Ж.Мандахнар Монгол Улсын аварга малчны шагналаа гардан авлаа.


Энэ жил Завхан аймгаас Улсын хошой аварга малчин нэг, аварга малчин 10 тодорсны нэг нь малчин Ж.Мандахнар юм.  


Тэрээр гэргий Т.Ариунсайханы хамт 20 орчим жил мал маллаж байгаа бөгөөд 2020 онд аймгийн аварга малчин, “Алтан ботгоны эзэн” болж байжээ. Ж.Мандахнарынх Завхан аймгийн хамгийн олон буюу 400 орчим тэмээтэй өрх юм.


Улсын аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардуулан өгч, Улсын хошой аварга малчин, цаашлаад Хөдөлмөрийн баатрын болзол хангахыг ерөөв.



Ташрамд, Ж.Мандахнарын аав Дөрвөлжин сумын хамгийн өндөр настан буюу 97 настай, Монгол Улсын хошой аварга малчин Х.Жадамба юм.


Тэрбээр хүүгээ шагналаа гардах үеэр нь ерөөл өргөж, малчин хүн олон түмэндээ нэр хүндтэй явах сайхан. Олон жил мал маллаж, чамгүй олон өрхийг малжуулсныхаа үр шимийг хүртэх, малаа онд мэнд оруулж өсөж үржихийг нь харах сайхан. Мал дагавал ам тосдоно гэдэг дээ” хэмээв.


Малчин хүн нутаг сэлгэхдээ бэлчээрийн соргогийг таньж, цагийн сайхныг дагадаг. Тиймдээ ч малаа оторлуулна гэдэг хамгийн чухал. Мөн аав ээжээс өвлөсөн мал маллах арга ухаан, тэвчээр, хатуужил сайн малчин хүнд их нөлөө үзүүлдэг юм. Малчин хүн бүхий л мэргэжлийг давхар эзэмшдэг шүү дээ. Би удам дамжсан малчин хүн.


Таван хошуу малын хаан сүргийн манлай тэмээгээ уралдуулах, тэмээний ерөөл магтаал хэлэх, ботго авхуулж ингэ хөөслөх уламжлалт зан үйлийг залуу хойч үедээ сурталчлах, үзүүлэх зэрэг нүүдлийн уламжлалт соёлыг таниулах их дуртай.


Тэмээнийхээ уналга эдэлгээний хэрэгсэл, унах, уралдах ур чадварыг өдгөө нутгийнхаа залуу малчдад зааж өгч байна. Ахмад тэмээчдээсээ ч суралцсаар байна хэмээн Ж.Мандахнар шагнал гардах үеэрээ хэллээ.



Тэрбээр сум орон нутагтаа бэлчээр, усны сав газрыг хамгаалах ажилд бусад малчдаа манлайлан үлгэрлэхээс гадна залуу малчдад тэмээг өсгөж үржүүлэхийн ач тусын талаар заахаас гадна, орон нутгийнхаа иргэдийг тэмээнээс гарч буй ашиг шим, цагаан идээгээр хангадаг байна. 

Холбоотой мэдээ