ТӨВ: Монгол ёс заншил, уламжлалын талаарх бүтээл, номын үзэсгэлэн дэлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-07 14:08:04

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нийтийн номын санд монгол ёс заншил, уламжлалын талаарх бүтээл болон номын үзэсгэлэнг дэлгэв. Энэхүү үзэсгэлэнд нийт 55 ном, Төв аймгийн харьяат уран бичвэр сонирхогчдын 9 бүтээлийг дэлгэсэн бөгөөд Сар шинийн баярын өдрүүд хүртэл үргэлжлэх юм.  




Уг үзэсгэлэн нь монгол ёс заншил, өв уламжлалыг залуу, хойч үед таниулах зорилготой.


Мөн хоёрдугаар сарын 7-ны өдөр номын сангаар үйлчлүүлэх иргэдийг үндэсний хувцсаа өмсөж үйлчлүүлэхийг уриалав.


Үзэсгэлэнгийн талаар Төв аймгийн Нийтийн номын сангийн захирал Б.Зоригтбаатараас тодруулбал, "Энэхүү үзэсгэлэнд монгол ахуйтай холбоотой ном, бүтээлүүд дэлгэсэн. Тухайлбал, Монголын болон Төв аймгийн түүх, үндэсний бичиг, ёс заншил түүний хорио цээр, соёлын өв, түүхэн дурсгалт зүйлсийн тайлбар, гар урлал, алт, мөнгө, ган, төмрийн дархад, шаазан урлаачдын тухай номуудыг дэлгэсэн. Мөн монгол гэрийн үзэсгэлэн, морин хуур, уран бичвэр, ширмэл ширдэг зэргийг үзүүлж, таниулахаар бэлтгэлээ.


Үзэсгэлэнд Соёлын өв цогцлоогч, цуглуулагч Ц.Батсайханы монгол ахуй соёлыг дэлгэрүүлэн бичсэн 10 боть номын дээжээс дэлгэсэн нь онцлог байна. Эдгээр номууд нь цаашид залуу хойч үедээ өвлүүлэн уламжлах, таниулан сайжруулах зорилготой бөгөөд аливаа урлалыг бүтээхдээ зан заншил, бэлгэдэл, зүй тогтлыг ихээхэн анхаарах шаардлагатай гэдгийг нарийн тодорхой бичсэн байдаг" гэв. 

 

Холбоотой мэдээ