ТӨВ: Дөрвөн зуун жилийн түүхтэй Дуутын хадны бичээс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-06 17:13:40

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дуутын хад буюу Цогтын хадны бичиг нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрладаг Цогт тайжийн 1624 онд сийлсэн шүлэгтэй хад юм. Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш 20 гаруй километрийн зайд Төхөм уулын орчим оршдог.

 

Дуут хад хэмээх нь цохиход ширмэн тогоо шиг хан хийсэн дуу авиа гарах ба гаднаа хар боловч дотроо цагаан саарал өнгөтэй байгалийн өвөрмөц тогтоцтой хад юм. 380 шахам жилийн өмнө бичсэн тэр бичээс өчигдөр бичсэн юм шиг тод хадгалагдаж байдаг.

 


Энэхүү бичээсийг эрдэмтэн судлаачид Чин гүрнээс өмнөх үеийн буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн 17 дугаар зууны Монголын хосгүй бүтээлд тооцдог.

 

2021 онд Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо Үндэсний номын санд хуралдах үеэр "Халхын Цогт хунтайжийн хадны бичээс" өвийг ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Улмаар Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор "Халхын Цогт хунтайжийн хадны бичээс" өв багтсан билээ.

 

Хангайн нурууны шувтарга үзүүр Хутагт уулын өвөр бэлээр адуун боржин чулуун тогтоц байх ч энэ дунд гурван том хар хавтан чулуу байгалиас тогтжээ. Түүн дээр үзүүртэй зүйлээр бичихэд цагаан цэрдээр бичиж буй мэт тод ялгаран харагддаг байна.

 


Халхын цоохор хунтайж хэмээх Цогт тайжийн эгчээ санагалзан шүлгээ хайлан өгүүлснийг нь Эрх хиа тогтоож сударлан авсныг хойно дөрвөн жил болоод цагаагчин тахиа жилийн намрын эхэн сарын хорин нэгэн Дайчин хиа, Гүен баатар хоёр Дуутын хад хэмээх хар чулуунаа бичиж үлдээсэн нь бичиг соёлын гайхамшигт өв болон бидний үед хадгалагдан иржээ.

 

Тус бичээсийг сийрүүлбэл:

Дээр тэнгэр хааны аху хийгээд

Дэлхий дэх хан Богдсын аху газар

Дээр дорын ялгал буй боловч

Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.

Агнистайн агуй дахь бодисадва нар хийгээд

Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

Ахуй газар ангид боловч

Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.

Энд хан Богдсын сайн түшмэл хийгээд

Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр боловч

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Аху бие ангид боловч

Алан идэхийн агаар нэгэн буй.

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.

Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд

Орхон Туулд агч өвчит бид хоёр

Халх Онигуудын газар хол боловч

Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.

Энэ биендээн эс золголцвоос

Эгүүнээс хойш төрөл тутамдаан

Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай.

(Хэрэв энэ насандаа уулзаж эс чадваас дараа дараагийн төрөлдөө эх охин хоёр мэт бие биенээ хайрлан явъя гэсэн санааг хэлжээ)


Энэхүү шүлгийг хулгана жилийн 1624 оны нэгдүгээр сарын 18-нд Дайчин хиа, Гүен баатар хоёр хаданд бичив гэжээ. Энэ бичигт хадны орчимд эртний хадны сүг зургууд олон бий.

 

Холбоотой мэдээ