ЗАВХАН: Баянхайрхан сум 40 жилийн дараа улсын аварга малчинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-06 15:17:14

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Тус аймгийн Баянхайрхан сумаас 40 жилийн дараа улсын аварга малчин тодорч шагналаа гардлаа.


Монгол Улс сар шинийн баярын өмнө малчин түмнээ манлайлан хөдөлмөрлөсөн улсын аварга малчдаа шалгаруулан шагнадаг уламжлалтай билээ. Энэ онд Завхан аймгаас улсын хошой аварга малчин нэг, улсын аварга малчин 10 тодорчээ.


Улсын аварга малчнаар тодорсон Баянхайрхан сумын Минж багийн малчин Б.Батбаярын “Улсын аварга малчны шагнал, энгэрийн тэмдэг”-ийг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Батсайхан болон сумын удирдлагууд гардуулан өглөө.




Баянхайрхан сумаас хамгийн сүүлд 1983 онд Хөдөлмөрийн баатар Д.Жадамбаа улсын аварга малчин болж байсан бөгөөд ийнхүү 40 жилийн дараа дахин улсын аварга малчинтай боллоо.  


Улсын аварга малчин Б.Батбаяр, гэргий Ч.Дагдмаа нар 30 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд 2019 онд аймгийн аварга малчнаар тодорч байсан аж. Эднийх нутгийнхаа 4 айлыг малжуулжсан бөгөөд бэлчээрийг сэлгэх, малаа эрт тарга тэвээрэг авахуулах. Сүргийнхээ бүтцийг сайжруулах, намартаа отор нүүдэл хийх тал дээр илүү анхаарч, мал маллах арга туршлагаасаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд онцгой анхаардаг малчид юм.


Түүнчлэн малаа дөрвөн төрөл дээр нь өсгөж, олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлэн улсын аварга малчин болсон удмын малчид юм. Нутагтаа нэр хүндтэй, орон нутгийнхаа хөгжил дэвшил, ялангуяа залуу малчдад малч ухааны уламжлалт аргуудыг өвлүүлэхэд санаачилгатай ажилладаг малчдын нэг юм хэмээн Баянхайрхан сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ