ЗАВХАН: "Амкагийн бүжиг" сургалтын төвийн бүжигчид олон улсад амжилт үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-05 16:52:12

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Тус аймгийн "Aмкагийн бүжиг" сургалтын төвийн бүжигчид олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ.


БНСУ-д хоёрдугаар сарын 1-3-ны өдөр болсон "World Dance Grand Prix-2024" олон улсын бүжгийн тэмцээнд Завхан аймгийн бүжгийн сургалтын төвийн бүжигчид Монгол Улсаа төлөөлөн оролцож Очирбалын Энхмарал "Биелгээн намба" бүжгээр алтан медаль хүртжээ.

Мөн тус сургалтын төвийн бүжигчин Бямбажаргалын Энх-Оргил "Үлэмж гоо" бүжгээр алтан медаль, хамтлаг бүжгийн төрөлд “Донж-3" хамтлаг хүрэл медалийг тус тус хүртсэн байна. Мөн нэгдүгээр сарын 26-29-ний өдөр болсон Солонгосын бүжгийн тэмцээнд үндэсний бүжгийн төрөлд "Донж-3" хамтлаг "Дөрвөн ойрд" бүжгээр тэргүүн байрыг эзэлж алтан медаль хүртсэн бол гоцлол бүжгүүдээр тус тус амжилттай оролцлоо гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.


Ташрамд "Амкагийн бүжиг" сургалтын төв нь анх 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 1500 гаруй хүүхэд залуучууд тус төвд суралцаж чамгүй амжилтыг үзүүлээд буй юм.


Бид уламжлалт бүжгийн төрлөөс гадна балет, латин бүжиг, монгол бүжиг, цэнгээнт бүжиг, спортын бүжгийн төрлүүдийг зааж байгаа. Хамгийн бага суралцагч маань гурван настнууд. Тэд амралтын өдрөөр хичээллэхээр эгч, ах нартайгаа хамт ирдэг. Мөн хамгийн ахмад нь 63 настай. Тиймээс бүжиг бол бүх насныхны дурлах спорт, урлаг юм хэмээн бүжгийн сургалтын төвөөс нэмж дуулгав.

 

Холбоотой мэдээ