ЗАВХАН: В, С вирусний халдвартай 934 иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-02 12:08:45

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Тус аймаг "Элэг бүтэн монгол" үйл ажиллагааны хүрээнд нийт 18826 иргэн, хамрагдвал зохих хүн амынхаа 40 хувийг нь хамруулжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон нийтийг эрүүл амьдралын зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхэд иргэдийн оролцоо, салбарын уялдааг хангах зорилготой “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг 2023-2030 онд хэрэгжүүлэх юм.


"Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон “Элэг бүтэн монгол” үйл ажиллагааны хүрээнд гепатит В, С вирусний шинжилгээнд хамрагдвал зохих 47311 иргэнээс 18826 иргэн хамрагджээ. Гепатит В, С вирусний халдвартай 47, В вирусний халдвартай 35 иргэн, С вирусний халдвартай 12 иргэн шинээр оношлогдсон.


Вирусний эсрэг эмчилгээнд нийт 150 иргэн В вирусний халдвартай 52, С вирусний халдвартай 38, В, дельта, вирусний хавсарсан халдвартай 60 иргэн хамрагдсан байна.


В, С вирусний халдвартай 934 иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас 60.047.290 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлсэн байна.


JCI Монгол төрийн бус байгууллагатай хамтран “Амьдрал бэлэг” төслийн хүрээнд элэгний В, С, Д вирусний халдвартай элэгний хатуурал, хавдар болон бусад эмгэг бүхий иргэдэд зориулсан "Сэтгэлийн хүчээр өвчнөө ялъя" сургалтад 70 гаруй иргэнийг хамрууллаа.



Гепатит В, С, Д вирусний халдвартай 27, В вирусний халдвартай 23, С вирусний халдвартай 4, В, Д хавсарсан халдвартай 1 жирэмсэн хянагдаж байна. Гепатитын В вирусний халдвартай 24 эх төрж, 24 нярайг 12 цагийн дотор В вирусний эсрэг вакцин болон иммуноглобулинаар дархлаажуулж, эхэд иммуноглобулины ач холбогдлын талаарх сургалт мэдээллийг өгсөн байна. Ингэснээр зургаан сарын дараа 13 хүүхдийг дархлал тогтцын шинжилгээнд хамруулахад тогтоц сайн 11, дархлаа тогтоогүй 2 илэрсэн байна.


Жирэмсэн үеийн вируст гепатитын хор уршиг гэр бүлээ хамгаалах, вакцины үүрэг, төрсөн нярайд вакцин болон иммуноглобулин тарих дархлаа тогтоц үнэлэх арга, гэр бүл төлөвлөлт, В, С вирусний халдвартай эх эмийн эмчилгээнд хамрагдах зэрэг сэдвийн хүрээнд харилцан ярилцах байдлаар 500 гаруй эхэд сургалт хийж, зөвлөгөө мэдээлэл бүхий гарын авлага тараасан байна гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ