Хятад улсад мэдрэлийн суулгацыг хүн дээр туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-02-02 11:38:42

ХОНКОНГ, 2024 оны хоёрдугаар сарын 2 /SCMP/. Хятадын судлаачдын бүтээсэн мэдрэлийн суулгац саажилттай хүний хөдөлгөөний зарим чадварыг сэргээснээр Илон Маскийн Neuralink компанийн ижил төстэй суулгацтай өрсөлдөж эхэллээ.  


Бээжингийн Цинхуа их сургуулийн эрдэмтэд Neural Electronic Opportunity (NEO) хэмээн нэрлэсэн мэдрэлийн интерфэйсийг хүн дээр анх удаа амжилттай туршсанаа мэдэгджээ. “Машин сургалтын алгоритмын тусламжтайгаар тухайн өвчтөн бусдын тусалцаагүйгээр идэж уух боломжтой” гэж NEO суулгацыг зохион бүтээсэн багийн гишүүн хэлэв. 


Тархины цахилгаан импульст анализ хийдэг утасгүй төхөөрөмж нь саа өвчтэй хүнд гараараа зарим хөдөлгөөнийг бие даан гүйцэтгэхэд тусалжээ. Зохион бүтээгчдийн мэдэгдсэнээр, эл төхөөрөмж нь Илон Маскийн Neuralink-ийн чиптэй харьцуулахад минимал инвазив буюу хүндээ хүрц багатай, мөн ирээдүйд хүний танин мэдэх чадварыг нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой ажээ. 


NEO мэдрэлийн интерфейсийг 10 гаруй жилийн туршид хөгжүүлжээ. Цинхуа их сургуулийнхан суулгацаа хүн дээр турших зөвшөөрлийг 2023 оны эхээр авсан байна. Уг суулгацыг 2010 онд автомашины осолд орсны улмаас дөрвөн мөч нь саажсан хүнд суулгажээ. Мэдрэлийн интерфейсийг өвчтөнд 2023 оны 10 дугаар сард суулгасан байна. Гурван сар дасгал хөдөлгөөн хийсний эцэст тухайн өвчтөн мэдрэлийн интерфэйстэй холбогдсон хиймэл эрхтнийг ашиглан гараа бие даан хөдөлгөх чадвартай болжээ.


Хятадад хийсэн суулгац нь мэдрэлийн эдэд бус харин гавлын яс ба тархины хатуу хальсны хоорондох хэсэгт суулгадгаараа гол өрсөлдөгч болох Neuralink-ийнхээс ялгаатай. NEO нь "хоёр зоосыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй" бөгөөд ирээдүйд хүний оюун ухааныг компьютерт холбох боломжтой гэж зохион бүтээгчид ярьж байна. 

Холбоотой мэдээ