Хятадаас олдсон үлэг гүрвэлийн үлдэгдлийг шинэ төрөл зүйлийнх гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-01-31 17:46:29

НАНЬЧАН, 2024 оны нэгдүгээр сарын 31 /Xinhua/. Хятадын палеонтологичдын илрүүлсэн Цэрдийн галавын үед хамаарах /90 сая жилийн тэртээ/ үлэг гүрвэлийн үлдэгдлийг шинэ төрөл зүйлийнх гэж үзэж, Gandititan cavocaudatus” хэмээн нэрлэжээ. 


Тэдгээр ясыг 2021 оны зургаадугаар сард Хятадын зүүн нутгийн Жянши мужийн Ганьжөү хотын Ганьшян дүүрэг дэх барилгын талбайгаас олсныг Жянши мужийн геологийн музейн орлогч эрхлэгч Ван Линюн мэдээлсэн байна. Тус музей Хятадын Гео шинжлэх ухааны их сургууль /Ухань/ болон Жянси мужийн Геологийн судалгааны хүрээлэнтэй хамтран сэргээн засварлах, судалгааны ажлыг мөн онд эхлүүлжээ.


Шинэ титанозавр сауроподын төрөл зүйл нь Титанозавр хэмээх аварга том үлэг гүрвэлийн төрөлд багтдаг гэж Хятадын төв нутгийн Хубэй муж дахь геологийн шинжлэх ухааны их сургуулийн төслийн багийн ахлагч Хан Фэнлу ярьсан байна. Олдсон яснууд нь үлэг гүрвэлийн араг ясны 40 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд бүрэн бүтэн байдлаараа дэлхийд ховорт тооцогдож байгааг тэрбээр онцоллоо.


Маш сайн хадгалагдаж үлдсэн нугаламуудаар нь үлэг гүрвэлийн биеийн уртыг 14 метр хэмээн нарийн тооцоолсон бөгөөд энэ нь сауроподуудын дотор харьцангуй жижиг биетэй гэсэн үг. Эл олдвор нь Цэрдийн галавын үеийн төрөл зүйлүүдийн хувьсал, палеогеографийн тархалтыг судлахад ихээхэн ач холбогдолтой. Эрдэмтдийн нээлтийн талаарх өгүүлэл нэгдүгээр сарын 17-нд Journal of Systematic Palaeontology сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдсэн байна. 

Холбоотой мэдээ