Тиранозаврын шинэ төрөл зүйлийн үлдэгдлийг Америкийн өмнөд нутгаас олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-01-12 14:23:10

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 12 /TASS/. Палеонтологичид Нью-Мексико муж улсын нутгаас тираннозаврын урьд өмнө мэдэгдээгүй төрөл зүйлийн ясыг олжээ. Судлаачид уг олдворыг хаан тираннозавруудын ойрын өвөг дээдсийн ойрын төрөл байж магадгүй гэж таамаглаж байна.


Энэхүү нээлт нь эдгээр эртний махчин амьтдын үүсэл гарлыг тайлахад тус дөхөм боллоо гэж “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн судлаачдын нийтлэлд бичжээ.


"Тираннозаврууд хаана, хэдийд үүсэн бий болсон нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Азид болон одоогийн Хойд Америкийн баруун хэсэг болох Ларамидиадын аль алинд нь үүссэн байж магадгүй гэсэн таамаглалууд байдаг. Хаан тираннозаврууд бий болохоос өмнө 6-7 сая жилийн өмнө Ларамидиадын нутагт амьдарч байсан болон хэмжээгээрээ хаан тираннозавруудтай дүйцэхүйц тираннозаврын урьд өмнө мэдэгдээгүй төрөл зүйл болох “Tyrannosaurus mcraeensis”-ийн шинэ төрөл зүйлийг бид нээсэн” гэж судлаачид бичсэн байна.


Их Британийн Батын их сургуулийн доцент Николас Лонгричийн эрдэм шинжилгээний баг энэ зууны эхээр Нью-Мексикогийн өмнөд хэсгээс олдсон эртний тираннозавруудын эрүү, сээр нурууны үлдэгдлийг судлах явцдаа дээрх нээлтийг хийсэн байна. Эхэндээ палеонтологичид тэдгээрийг эртний хаан тираннозавруудын (Tyrannosaurus rex) төрөлд хамааруулсан боловч эрдэмтэд үүнд эргэлзэж байв.


Судлаачдын хийсэн шинжилгээгээр, Нью- Мексикээс олдсон тираннозавруудын гавлын ясны бүтэц нь бусад Tyrannosaurus rex-ийн яснаас эрс ялгаатай болох нь тогтоогджээ. Тухайлбал, эдгээр эртний үлэг гүрвэлийн нүдэн дээр эвэр хэлбэртэй сэртэн байсан нь бусад хаан тираннозавруудад байдаггүй боловч Tyrannosaurus rex -ийн холын төрлүүдийн нэг болох Азийн тарбозавруудад байсан ажээ.


Тарбозавруудтай ижил өөр нэг шинж нь эдгээр үлэг гүрвэлийн дээд эрүүнд шүднийнх нь бэхлэгдсэн байдал, мөн идэш тэжээл нь адил байжээ. Үүнээс гадна, чулуужсан олдворуудын насыг дахин хэмжихэд тэдгээрийг нээсэн хүмүүсийн таамаглаж байснаас хамаагүй эрт 73 сая орчим жилийн өмнө буюу одоогийн Хойд Америкт хаан тираннозаврууд асар олноор тархан нутаглахаас 6-7 сая жилийн өмнөх үед хамаарч байсан нь тодорхой болжээ.


Эрдэмтэд эдгээр баримтуудад үндэслэн чулуужсан олдворыг тиранозаврын шинэ зүйл болох Tyrannosaurus mcraeensis гэсэн төрөл болгон нэрлэжээ.


Эрдэмтдийн үзэж байгаагаар, эдгээр амьтан Tyrannosaurus rex-ийн одоогоор олж тогтоогоогүй байгаа жинхэнэ өвөг дээдсийн өрсөлдөгч, хөршүүд байсан байж магадгүй. Эдгээр эртний махчин амьтны үлдэгдлийг цаашид хайх, мөн аварга том хэмжээтэй байсны шалтгааныг тодруулах нь ойрын ирээдүйд палеонтологичдын гол зорилт болох юм.



Холбоотой мэдээ