Савласан усанд асар олон бичил хуванцар агуулагддаг болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-10 15:35:03

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 10 /Bloomberg/.  Ердийн нэг литрийн савтай усан дотор дунджаар 240 мянган ширхэг бичил хуванцар агуулагддаг болохыг саяхан явуулсан судалгаагаар тогтоожээ. Эдгээр бичил хуванцрын ихэнх нь урьд өмнөх судалгаагаар илрээгүй байсан бөгөөд хуванцрын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн асуудлыг дутуу үнэлж байсантай холбоотой гэж судлаачид үзэж байна.


АНУ-ын ШУА-ийн "PNAS" сэтгүүлд даваа гарагт нийтлэгдсэн энэхүү судалгаа нь савласан усанд 1 микрометрээс бага хэмжээтэй буюу хүний үсний өргөнийг 70 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний хуванцар хэсгүүд буюу нано хуванцар байгаа эсэхийг тодруулсан анхны судалгаа юм. Өмнөх судалгаагаар савласан уснаас 1-5000 микрометрийн хэмжээтэй бичил хуванцруудыг илрүүлж байжээ. Харин шинэ судалгаагаар өмнөхөөс 100 дахин их бичил хуванцар агуулагддаг болохыг тогтоосон байна.


Нано хуванцар нь хүний эд эс, цусанд нэвтрэн орж, эд эрхтэнд нөлөөлдөг тул хүний эрүүл мэндэд бичил хуванцраас илүү аюултай.  Мөн ихэсээр дамжин төрөөгүй хүүхдийн биед нэвтэрдэг.


Эрдэмтэд савласан усанд нано хуванцар байдгийг эртнээс таамаглаж байсан боловч тэдгээрийг илрүүлж чадах технологи гараагүй байв.


Энэхүү асуудлыг шийдэхийн тулд судалгааны багийнхан шинэ микроскопыг зохион бүтээж, өгөгдөлд суурилсан алгоритмыг програмчилж, АНУ-ын гурван алдартай брэндээс худалдаж авсан ойролцоогоор 25 литр савласан усыг шинжлэхэд ашигласан байна. Гэхдээ ямар брэндийн ус болохыг дурдсангүй. Шинжлэх явцад литр ус тутамд 110-370 мянган ширхэг бичил хуванцар илрүүлсний 90 хувь нь нано хуванцар байжээ. 


Судалгааг хамтран явуулсан тэргүүлэх судлаач, Колумбын их сургуулийн химийн магистр Найшин Цян ярихдаа "эл судалгаа нь нано хуванцрын судалгаанд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэж, нано түвшний хуванцрын бохирдлын талаарх ойлголтын зөрүүг арилгахад ихээхэн чухал алхам боллоо" гэв. 


“Хоруу чанарын судалгаагаар таамаглаж байсан хэдий ч өмнө нь судлагдаагүй байсан энэ асуудлыг олж харах цонх нээгдлээ” гэж Колумбын их сургуулийн байгаль орчны химич, судалгааны багийн гишүүн Бейжан Ян нэмж хэлэв.


Судлаачид усны савыг хийдэг полиэтилен терефталэйт (PET) ба усыг савлахаас өмнө цэвэршүүлэх шүүлтүүрт ашигладаг полиамид зэрэг нийтлэг долоон төрлийн хуванцрыг онцгойлон судалжээ. Үүний сацуу усан дотроос үл мэдэгдэх олон ширхэг нано хэсгүүдийг илрүүлсэн байна.


Олон улсын савласан усны нийгэмлэг дээрх судалгаатай холбогдуулан мэдэгдэхдээ "шинжлэх ухааны салбарынхан  судалгааны аргачлалаа дахин хянаж үзэх шаардлагатай. Хүний эрүүл мэндэд нано болон бичил хуванцрын үзүүлэх нөлөөллийн талаар шинжлэх ухааны үндэслэлийг тогтоож чадаагүй" гэжээ. Тус холбооноос судалгааны үр дүнд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.


Дэлхий дээр жил бүр 450 сая гаруй тонн хуванцар үйлдвэрлэдэг бөгөөд үүний ихэнх нь хогийн цэгт хаягддаг. Хуванцрын дийлэнх хэсэг нь байгалийн жамаар задардаггүй, харин цаг хугацааны явцад жижиг хэсгүүд болж задардаг.


Хуванцар бохирдол хаа сайгүй байдаг боловч савласан усаар дамжин хүний ​​ биед бичил хуванцар нэвтэрч байгаа нь эрдэмтдийн сонирхлыг ихэд татдаг. 2022 онд хэвлэгдсэн судалгаагаар савласан усан дахь бичил хуванцрын агууламж нь цэвэр ус түгээх цоргоны усныхаас их байгааг тогтоожээ. 2021 оны тайланд, хуванцар савтай усны тагийг онгойлгох, хаах бүрт ус руу бичил хуванцар ордог болохыг анхааруулжээ.


Одоо судалгааны багийнхан цоргоны ус ба Антарктидын баруун хэсгийн цасны дээжин дэх нано хуванцрыг  судлахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ